Юньнань мужаас үлэг гүрвэлийн чулуужсан яс олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-12-30 11:18:06

КУНЬМИН. /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн есөн байршлаас 2020 оны эцсээс хойш үлэг гүрвэлийн олон чулуужсан яс олдоод байгаа талаар тус мужийн засаг захиргааны хэвлэлийн албанаас мэдээлжээ.


Хятадын Шинжлэх Ухааны Академийн харьяа Сээр нуруутан амьтдын палеонтологи, палеоантропологийн хүрээлэн үлэг гүрвэлийн олдворуудыг малтах ажлыг удахгүй явуулах ажээ.


Юньнань мужийн Луфэн хот, Удин тойрог, Чосюн-И өөртөө засах тойргийн Шуанбай хошуу зэргээс олдсон үлдэгдлүүд нь өнгөцхөн булагдсан байсан бөгөөд ясны хэлбэр нь амархан танигдаж байгаа гэж мужийн Байгалийн нөөцийн газрын орлогч дарга Чэнь Жунь мэдээлээд, тэдгээрийн зарим нь борооны улмаас ил гарч ирсэн байж болохыг хэллээ.


Шуанбай хошуунаас олдсон үлэг гүрвэлийн хэсэг олдвор нь Юрийн галавын дунд ба хожуу үед, бусад нь Юрийн галавын эхэн үед хамаарагдаж байгааг урьдчилсан судалгааны дүн харуулж байна.


Чосюн-И өөртөө засах тойргоос 1938 оноос хойш үлэг гүрвэлийн 410 гаруй багц олдвор олджээ. 



Холбоотой мэдээ