“Долоогийн бүлэг” Украинд ирэх онд 32 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-12-23 08:56:10

ТОКИО. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд нар Украинд ирэх онд 32 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ пүрэв гарагт амлажээ.


“Долоогийн бүлэг” Украины яаралтай, богино хугацааны санхүүжилтийн хэрэгцээг шийдвэрлэхэд урьдын адил үүрэг хүлээсэн хэвээр байна гэж сайд нар цахимаар хуралдсаныхаа дараа мэдэгдсэн байна.


Киет хүн амын үндсэн хэрэгцээг хангах, нэн шаардлагатай сэргээн засварлах ажлуудыг гүйцэтгэх, эдийн засгаа тогтворжуулах боломжийг бүрдүүлэх 32 тэрбум ам.долларын тусламжид Европын Холбооноос /ЕХ/ үзүүлэх 18 тэрбум еврогийн тусламж багтжээ.


Үүнээс гадна, “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Украины эрчим хүч, дэд бүтцийн байгууламжуудад халдсан явдалд Оросыг зэмлэн буруушаагаад, украинчуудад өвлийг даван туулахад нь тус дэм болох дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.


ОХУ Ираны пуужин, дронуудыг ашиглан цохилт өгч байгаа нь “Украины олон сая иргэнийг харанхуй, хүйтэн өвлийг даван туулахад хүргээд байна” гэж Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок мэдэгджээ.


Ирэх оны нэгдүгээр сард “Долоогийн бүлэг”-ийг даргалах үүргээ Японд шилжүүлэх Герман улс сайд нарын цахим уулзалтыг зохион байгуулсан юм. Тус бүлэг нь Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, мөн ЕХ-ноос бүрддэг.


“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар мөн Афганистанд талибуудын засгийн газар саяхан эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг хориглох шийдвэр гаргасныг эрс зэмлэн буруушаагаад, шийдвэрээсээ ухрахыг уриалсан байна.


“Хүйсээр ялгаварлан гадуурхах нь хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэнтэй адил байж болзошгүй юм” гэж мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ