ӨВ СОЁЛ: А.Уранжаргал:Ажилдаа дурлаж, энэ их өв соёлоо хамгаалж байгаа гэж бодох тусам бахархах сэтгэл төрдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-12 13:45:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргалтай ярилцлаа. Тэрээр МУИС-ийн Археологи-Антропологийн ангийг 2014 онд төгсөж СУИС-д Соёл судлалын чиглэлээр магистрын зэргийг 2021 онд хамгаалжээ.

Тэрбээр говь нутагтаа үндэсний өв соёл, уламжлал зан заншлыг дэлгэрүүлэн хойч үедээ өвлүүлэн үлдээж, нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, музейн үзмэр хийгээд археологийн олдворыг хадгалж хамгаалах, таниулан сурталчлах их ажилд өөрийн сэтгэл зүрх, хөдөлмөрөө зориулан яваа ажилч хичээнгүй залуу боловсон хүчин юм. Үүнээс гадна лимбэ хөгжим сонирхон сурч амжилт үзүүлж буй өвлөн уламжлагч билээ.

 

-Дорноговь аймгийн газар нутаг дээрх соёлын биет болон биет бус өвийн тухай яриагаа эхлэх үү?

-Соёлын өвийг биет болон биет бус, биет дурсгалыг хөдлөх, үл хөдлөх гэж ангилан авч үздэг. Биет дурсгалын хувьд тодорхой цаг хугацааг туулсан, түүхэн хүн болон үйл явдалтай холбоотой мэдээ мэдээллийг агуулах төдийгүй ур хийц, хосгүй үнэт чанараараа үнэ цэн нь тодорхойлогддог гараар барьж, нүдэнд харагдахуйц дурсгалыг хэлдэг. Өөрөөр хэлбэл музейн үзмэр, иргэдийн гар дээр хадгалагдаж буй үнэт зүйлсийг ойлгоно.

Үл хөдлөх дурсгалын хувьд мөн нэрнээсээ тодорхой, байрнаас нь хөдөлгөх боломжгүй тухайн байгаа газартаа түүх, соёлын үнэ цэнийг агуулж байдаг дурсгалыг хэлдэг. Эртний хүмүүсийн үлдээсэн булш хиргисүүр, хот суурингийн туурь, хөшөө дурсгалыг хэлж байгаа юм. Харин энэ бүгдээс хамгийн өвөрмөц онцгой нь соёлын биет бус өв. Энэ өвийг хэн нэгэн хүн уг удам өвөг дээдсээсээ юм уу багшаар заалган өвлөн эзэмшиж, түгээн дэлгэрүүлсээр цааш нь мөн өвлүүлэн үлдээдэг. Гэхдээ тухайн хүнийг нас барахад эзэмшсэн өв нь хамт үгүй болдгоороо онцлогтой.

Эдгээр дурсгалуудыг нэг бүрчлэн бүртгэн баримтжуулж, улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулсан байдаг. Манай аймгийн хувьд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын зүйлсийн улсын тооллогыг 2005 оноос, хөдлөх дурсгалын улсын тооллогыг 2008 оноос эхлэн амжилттай зохион байгуулж ирсэн. Гол бүртгэл судалгаа музей дээр түшиглэж явагддаг учраас улсын тооллогын ажлыг мөн музейн мэргэжилтнүүд, ажилтнууд голлон явуулдаг.

Үл хөдлөх дурсгалын хувьд 13 сумын нутагт 2500 гаруй дурсгал, хөдлөх дурсгал буюу музейн үзмэрийн хувьд 6000 орчим үзмэрийг бүртгэн баримтжуулж, улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулсан байдаг. Харин соёлын биет бус өвийн судалгаа 2011 оноос эхэлсэн боловч 2015 оноос эхлэн системтэйгээр бүртгэн судалж, 2022 оны байдлаар 478 өвлөн уламжлагч бүртгэлтэй байна.


-Дорноговь аймгийн хувьд бусад аймгаас ялгаатай, онцлог бүхий өв соёл, дурсгал гэвэл юуг онцлох вэ?

-Үл хөдлөх дурсгалын хувьд говийн археологийн судалгаа харьцангуй бага хийгдсэн, ялангуяа говийн хүрэл, хүннү болон бусад үеийн дурсгалууд илүү өвөрмөц шинжтэй байгаа нь сүүлийн үед хийсэн судалгаануудаас харагдаж байгаа. Музейн үзмэрийн хувьд Их эзэн Чингис хааны Хангал эхт цагаан сүлд Хөвсгөл сумын нутагт 300 гаруй жил тахигдан хадгалагдаад өдгөө музейн танхимдаа залаатай байна.

Тэрчлэн говь нутагт хүн анх хөл тавьсан үеийг батлах Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дулааны говиос олдсон дунд, шинэ чулуун зэвсгийн дурсгалууд, хүрэл олдворууд, анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн цагаан хаш хөөрөг болон бусад үнэт үзмэрүүд хадгалагдаж байна. Хосгүй үнэт зэрэглэл бүхий Даланжаргалан сумын Нартын хаднаас олдсон хатмал шарил, дагалдуулж тавьсан өвөл, зуны дээлүүд, археологийн бусад олдвор нь шинээр байгуулсан Чингис хааны музей рүү татагдсан. Тэгэхээр үзмэрийн хувьд, үнэ цэн, үнэт чанарын хувьд манай музей дээгүүрт ордог. Харин шилэн хорго, байр савны хувьд бүх л аймаг, орон нутгийн музейн адил стандартын шаардлагад нийцээгүй, субботникоор барьсан барилгатай л байна даа.


-ЮНЕСКО-д бүртгүүлсэн монгол өв соёлын зүйлсээс Дорноговь аймагт хамаатай өв соёлын зүйлс байдаг уу?

-Байгаа. Соёлын биет бус өвийн уртын дуу, морин хуур, шагайн харваа, ингэнд ботго авахуулах зан үйл /ингэ хөөслөх/, монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгаа, хөөмий гээд олон өвийн төрлүүд манай аймагт бий. Эдгээр өвийг өвлөсөн өвлөн уламжлагчид гэсэн үг л дээ. Гэхдээ тэд маань хэр зэрэг өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлнэ тэр хэрээрээ л амьтай байж, аймаг орон нутагт маань хамааран үлдэнэ гэсэн үг.


Соёлын биет бус өвийн нэг онцлог нь нутгийн шинж чанартай байдаг. Бид бий биелгээ, цуур зэрэг өвийг хэдий заалгаж хичээллэсэн ч тухайн үедээ л сурна уу гэхээс бидний яс цусанд шингэсэн мэт сууж, хар багаасаа ам бүлээсээ, гэр дотроосоо суралцаж чадахгүй. Харин морин хуур, уртын дуу бол говь тал нутгийн онцлогийг шингээсэн нугалаа, цохилготойгоор үеэс үед дамжин суралцаж, манай нутагт дуулагддаг дуунуудаа өвлөн дуулцгааж байна. Тэгэхээр тухайн нутгийн үндсэн өв бол цөөхөн ч гэсэн өвлөн уламжлагчдаар дамжин амьтай оршсоор байдаг. Харин үүнийг бодлогоор дэмжих нь л чухал.


-Өөрийн нутгийн зан заншил, өв соёлыг дэлгэрүүлэх үүднээс язгуур өв соёл наадмыг Дорноговь аймаг нутагтаа зохион байгуулсан. Энэ наадмын үр дүн, ач холбогдлын талаар?

-Дээр хэлсэн улсын үзлэг, тооллогууд биет өв дээр хангалттай хэрэгжээд, бүртгээд судлаад явдаг. Харин биет бус өвийн хувьд онцлогтой. Улсын нэгдсэн үзлэг тооллого энэ жил л яригдаж, батлагдаж байна. Өмнө нь бүх ард түмний язгуур урлагийн наадам ч юм уу, ардын урлагийн наадам гэсэн нэрээр зохион байгуулж байсан. Гэхдээ энэ нь учир дутагдалтай. Соёлын биет бус өв нь өөрөө долоон ай савтай, түүний нэг ай сав нь л ардын язгуур урлаг. Нэг ай сав нь дотроо 40-100 гаруй өвийн төрлүүдтэй.

Тэгэхээр соёлын биет бус өвийн үзлэг тооллогыг биет өвөөс өөр байдлаар, тэгэхдээ өмнөх наадмуудаас илүү өргөн цар хүрээтэй бүхий л ай савуудыг хамруулан зохион байгуулах шаардлага тулгарч байгаа юм. Бид аймагтаа анх удаагийн “Язгуур алтан өв” нэртэй соёлын биет бус өвийн наадмыг энэ оны тавдугаар сард амжилттай зохион байгуулсан. Аймгийнхаа 14 сумыг гэр отог хэлбэрээр зохион байгуулж, тайзны болоод гэрт үзүүлж болох бүх л ай саваа багтаасан нь давуу тал болсон. Сумаас шилдэг өв, өвлөн уламжлагчид оролцсон гэсэн үг. Наадмын гол зорилго нь шүүгчдэд шалгуулж, оноо тавиулахаас гадна үзэгчдэд нээлттэй зохион байгуулж, тухайн сумын онцлох өв, шилдэг өвлөн уламжлагчдаа алдаршуулсан нь чухал байлаа. Тиймээс дараагийн удаа сум орон нутагтаа өргөн дэлгэр зохион байгуулж байж, түүнээсээ шилдгүүдээ шалгаруулан аймагтаа өрсөлдөх нь хамгийн тохиромжтой.


-Энэ онд улсын хэмжээнд зохиосон “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн анхдугаар наадамд Дорноговь аймаг гуравдугаар байрт шалгарсан. Шүүгчид юуг онцолж шалгаруулсан бол? Дорноговь аймгийн онцлог юу байсан бэ?

-“Нүүдэлчин Монгол” наадмыг 2018 онд анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж байсан. Түрүүний хэлээд байдаг биет бус өвийн улсын үзлэг тооллогын хэмжээний ажил гэсэн үг л дээ. Бүх ай савын бүх төрлөөрөө оролцож байж өрсөлдөнө гэсэн үг. Тухайн жил манай аймаг 314 өвлөн уламжлагчид бүхий л ай савдаа бүртгэлтэй байсан. Харамсалтай нь бид зөвхөн ардын язгуур урлагийн ай сав төрлөөр л оролцсон. Бусад ай саваа тэглэсэн гэсэн үг. Зөвхөн тайзны үзүүлбэртэй очоод 21 аймгаасаа 21-т орсон. Мэдээж шүү дээ. Бусад бүх төрлөө хаячихаар оноо байхгүй гэсэн үг. Гэхдээ энэ бидэнд том сургамж болсон л доо.

Тухайн наадмыг яаж зохион байгуулдагийг нүдээр үзээд ирсэн болохоор энэ жилийн “Нүүдэлчин Монгол” наадамд оролцоход дөхөм байсан. Хамгийн гол давуу тал нь бид нэгдүгээр шат буюу аймгийнхаа хэмжээний наадмыг өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж, өвлөн уламжлагчдын баримтын сан үүсгэн “Язгуур алтан өв” номоо хэвлүүлж, CD буюу цахим сан үүсгэж авсан. Өөрөөр хэлбэл өвлөн уламжлагчдаа алдаршуулж, баримтын сан үүсгээд, шилдгүүдээ шалгаруулчихсан байгаа нь өөрөө маш том давуу тал болсон.

Мөн энэ удаагийн наадмын ерөнхий найруулагчаар аймгийн “Язгуур алтан өв” наадамд Дэлгэрэх сумаа Тэргүүн байр эзлүүлсэн МУСТА морин хуурч Х.Болдбаатар, туслах найруулагчаар “Саран хөхөө” театрын найруулагч А.Баярсайхан нар ажилласан нь энэ шагналыг хүртэх томоохон шалтгаан болсон. Бидэнд баруун аймгуудыг бодвол аль нэг өвөөрөө танигдсан, нутаг усаараа гэр бүлээрээ өвлөн уламжилдаг онцлог өв байдаггүй. Гэхдээ говь тал нутгийн аялга, аялгуутай уртын дуу, морин хуур, ерөөл магтаал, халх тууль бол бидний өмнөө барих өв уламжлал гэдгийг энэ удаагийн наадмаар тодруулан гаргасан.


-Биет бус өвийн ай сав гэх өргөн ойлголт бий. Дэлгэрүүлж яривал? Дорноговь аймгийн хувьд аль ай савд багтдаг вэ?

-Ай сав гэж биет бус өвийн ангиллыг хэлж байгаа юм. БСШУС-ын Сайдын 2019 онд баталсан тушаалаар төлөөллийн үндэсний бүртгэлд долоон ай сав 279 өв, яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний бүртгэлд долоон ай сав 83 өвийг баталсан байдаг. Манай аймагт аль аль бүртгэлээс нь бий. Тэгэхээс нэг аймаг аль нэг ай савд багтана гэсэн үг биш. Нэг аймагт долоон ай сав бүхий л төрлөөрөө байдаг. Тэрийг харин олж тогтоож бүртгэж авах нь, цаашлаад түгээн дэлгэрүүлэх нь чухал.

 

- Үндэсний өв соёл, язгуур урлаг  таны хувьд ямар үнэ цэнтэй зүйл вэ?

- Миний мэргэжил археологич. Тэр бүр эмэгтэй хүний сонгодоггүй мэргэжил л дээ. Гэхдээ аймагтаа ажиллах боломжтой нь музей. Музейд ажиллах болсноороо мэргэжилдээ, энэ талын судалгаандаа түлхүү орсон. Тийм болохоор ажиллах хугацаандаа “Соёл судлаач”-аар магистрын зэргээ хамгаалсан. Музей маш өвөрмөц салбар. Үнэхээр сэтгэлтэй, дуртай хүмүүсийн хийдэг ажил. Тэр хэрээрээ ажилдаа улам дурлаж, энэ их өв соёлыг хамгаалж байгаа шүү, хадгалж байгаа шүү, цаашид олон хүнд хүргэх юм шүү гэж бодох тусам илүү бахархах сэтгэл төрдөг.


-Монгол үндэсний хөгжмийн зэмсэг "Хөндлөн бишгүүр"-ийг монголчууд Лимбэ гэж нэрлэж заншсан. Лимбэ хөгжмийг хэзээ тоглож сурсан бэ?

-Миний өвөө Сэндэнгийн Баавгай Зүүнбаянгийн цэргийн ангид насаараа үлээвэр хөгжим, лимбэ тоглосон хөгжимчин цэргийн хүн байсан. Бага байхдаа сонсож л өссөнөөс өвөөгөөрөө заалгаж байгаагүй. Намайг ерөнхий боловсролын сургуулийн  тавдугаар ангид сурч байхад  өвөө минь бурхан болсон. Багаасаа сонсоод өсчихөөр чихэнд, сэтгэлд хоногшсон байдаг юм болов уу гэж боддог.

Есдүгээр ангид байхад манай сургуульд үндэсний хөгжмийн дугуйлан хичээллэнэ гэхээр нь чадах болов уу гэж бодолгүй лимбэ тоглоно гээд л очиж байлаа. Өвөөтэй маань хамт ажиллаж байсан Ж.Отгонбаатар ахаар заалгаж, лимбэ хөгжимд дурласан даа. Сонирхлоороо л тоглодог болохоор мэргэжлийнх биш, одоо хүртэл нот ч сурч амжаагүй л явна. Яалт ч үгүй өөр ажил мэргэжилтэй учраас хангалттай цаг гаргаж чадахгүй л явна.

Харин 2019 онд Соёлын өвийн үндэсний төвөөс “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга-битүү амьсгаа” төсөл 10 аймагт хэрэгжих болсон. Азаар манай аймаг битүү амьсгаа заах багштай учраас сонгогдож энэ том төсөл аймагт хэрэгжих болсон. Миний хувьд соёлын биет бус өвийн асуудлаа хариуцдаг болохоор төслийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх, хяналт тавих, өвлөн уламжлагчдыг холбох ажлыг хийх ёстой. Тэгээд өөрөө лимбэ сонирхдогийн хувьд чадах болов уу гэж бодоод зориглоод үзэхээр шийдсэн.

Энэ төсөл дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын үетэй давхцаад хичээллэх хугацаа харьцангуй хомс байсан ч багшийн маань зүтгэл, мэдлэг чадвар нэг ч гэсэн хүнд битүү амьсгааны техникийг сургах чин хүслээр амжилттай хэрэгжсэн. Хамгийн гол нь “Саран хөхөө” театрын хөгжмийн багш, МУСТА Б.Отгондүү багш маань бидэнд маш сайн зааж, сургаж, ойлгуулж өгсөнд чин сэтгэлээсээ талархаж явдаг. Лимбэ тоглох нэг асуудал бол лимбийг битүү амьсгаагаар тоглоно гэдэг ховор чадвар. Тийм ч болоод ЮНЕСКО-д 2011 онд бүртгэгдсэн байдаг шүү дээ.

      

-Өөрийн амжилтын түүхээс сонирхуулбал ?

-Дээрх төслийн хаалт, өвлөн уламжлагчдын улсын анхдугаар наадамдаа дэд байрт шалгарч, хамт суралцсан ах гутгаар байрт, багш маань “Шилдэг багш” болсон явдал хамгийн том амжилт байсан. Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүнгээ шалгуулсан гэсэн үг. Битүү амьсгаа гэдэг үгнээс цаашгүй, өдөр болгон үлээж бэлтгэл хийдэггүй учраас өнгө цэвэр биш, уруул чанга биш ерөнхийдөө чадварын хувьд муу, сэтгэл зүй ч чадахгүй дээ гэсэн айдастай байсан. Багшийнхаа ачаар энэ бүгдийг даван туулж, тууштай хичээллэвэл хэн ч сурч болохыг өөрийн биеэр үлгэрлэж чадсандаа баяртай байдаг. Суръя гэсэн хүсэлтэй, тууштай байхад хэн ч сурч чадна гэдгийг л би баттай хэлж чадна.


- Хэн нэгнээс өвлөн уламжилж сурсан болон бие дааж сурсан өв соёлын ялгаа, онцлогийн талаар? Хоёулаа өвлөн уламжлагч мөн үү? влөн уламжлах гэдэг ойлголтыг дэлгэрүүлж тайлбарлавал?

- Өв соёл заавал хэн нэгнээр өвлөгдөн дамжиж ирдэг учраас өв, өвлөн уламжлах гэдэг ойлголт байдаг. Тухайн хүн бие даан суралцсан ч хэн нэгнийг даган дуурайж телевиз, цахим орчноос ч юмуу суралцаж байгаа. Багшгүй байсан ч заавал хэн нэгний өвийг, дэгийг суралцсан гэсэн үг. Тэгэхээр аль нь ч өвлөн уламжлагч мөн.

 

- Олон зуун жилийн түүхтэй өв соёл маань өдөр ирэх тутам биднээс алсарч холдож байна. Өв соёлоо хамгаалж үлдэх талаар таны бодол юу вэ?

-Мэдээж даяаршлын нийгэмд биднийг монгол гэдгийг, тусгаар улс гэдгийг батлах хамгийн том зүйл бол монгол үндэстний өв соёл юм. Техник технологийн дэвшил, орчин үеийн амьдрал яалт ч үгүй л монгол ахуйгаас холдож байна. Гэхдээ аль алиныг орхигдуулалгүй, өв соёлоо, өвлөн уламжлагчдаа авч үлдэх нь чухал. Заавал өдөр бүр дээл өмсөөд, ерөөлийн үгээ хэлцээд явахдаа биш.

Язгуур шинжээр нь зөв авч үлдээд, хүүхэд бүрт багаас нь ойлгуулж, таниулах хэрэгтэй. Жишээ нь хүүхдүүдийн үздэг суваг, цахим орчинд монгол ахуй, өв соёлыг харуулсан контент нэвтрүүлэг олон байх, сардаа нэг музейгээ заавал үзэх ч юм уу. Музейг нэг л үзээд болчихно гэж боддог л доо. Гэвч музейг дахин дахин үзэх бүрт өөр шинэ мэдлэг мэдээлэл олж авдаг. Тэгэхээр зөвхөн соёлын байгууллага, ажилтнуудын асуудал биш. Эцэг эх бүрийн, хүн бүрийн анхаарах ёстой асуудал болов уу. 

Холбоотой мэдээ