АРХАНГАЙ: Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаарх сурагчдын мэдлэгийг нэмэгдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-06 14:15:58
Архангай /МОНЦАМЭ/. Олон улсын хүний эрхийн өдрийг угтан аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтэс Боловсрол Шинжлэх ухааны газар, Хүний эрхийн үндэсний комиссын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа нар хамтран Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 6-12 дугаар ангийн 800 гаруй сурагчийг хамруулсан “Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаарх сурагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах, хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийг дээдэлсэн соёлыг хүүхдүүдэд төлөвшүүлэх нь сургалтын зорилго байв.
Үе тэнгийн дээрэлхэлт, дарамт нь хүүхдийн эрх тэр дундаа боловсрол авах, эрүүл байх, хамгаалагдах эрхийг зөрчиж байгаа юм.
Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн сурлагын амжилт, бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдал сөрөг, тогтворгүй болж, улмаар хүүхэд сурах сонирхолгүй болох, хичээлдээ муудах, сэтгэлийн түгшүүр, айдастай болж эхэлдэг гэдгийг судлаач, мэргэжилтнүүд хэлдэг. Аль нэг ялгаатай байдлаасаа болж, үе тэнгийн ялгаварлан гадуурхалтад өртөж, хүсэл мөрөөдлөө орхих, хүүхэд насныхаа аз жаргалыг гээх асуудал битгий хөндөгдөөсэй гэсэн агуулгыг тээж энэхүү сургалтыг зохион байгуулжээ.
Холбоотой мэдээ