ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Говь-Алтай аймаг 2023 оны төсвөө 45,6 тэрбум төгрөгөөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-06 10:32:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Говь-Алтай аймгийн 2023 оны нийт төсвийг 45,6 тэрбум төгрөг байхаар баталлаа. Үүний 13,1 тэрбум нь орон нутгийн хөрөнгө оруулалт байна. “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр”-т 2 тэрбум төгрөгийг тусгаснаараа онцлогтой байв.


2023 оны нэгдүгээр сараас төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 6 хувиар нэмэгдүүлэхээр боллоо. Мөн “Өрх бүрт орлого-Иргэн бүрт өсөлт” хөтөлбөрийн хүрээнд шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог малыг 5 жил Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутаг руу шилжин суурьшихгүй байх гэрээ байгуулж, олгохоор боллоо. Тус ажилд 200 сая төгрөг баталснаараа онцлогтой байлаа. 


Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2022 оны гуравдугаар сард "Дэлхийн эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахаа илэрхийлсэн. Тэгвэл аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон эмч нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2023 оны төсөвт байрны урьдчилгааны тодорхой хувийн санхүүжилт 800 сая төгрөгийг тусгалаа.


Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан аймгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөг баталлаа. Тус төлөвлөгөөний хүрээнд 6 дэд зорилт, 15 бүлэг, 91 арга хэмжээг улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтын 78,4 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр болсон тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ