БООМТЫН СЭРГЭЛТ: Хөгжлийг хурдасгах төлөвлөлт ба их ажлын эхлэл

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2022-11-21 15:29:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд тулгарч буй шинэ сорилтуудад улс орнууд өмнөхөөсөө илүү нухацтай хандаж, бодит байдалтайгаа хөл нийлүүлэн хэтийн стратегийг хэрхэн төлөвлөх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна.


Энэ үед Монгол Улс ч алсын хараагаа тодорхойлж, эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдгийг шинээр эрэлхийлж буй юм. Эдийн засгийн дийлэнх хувь нь эрдсийн экспорт дээр тулгуурладаг манай улсын хувьд байгалийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг ч экспортын хэмжээ 50 орчим сая тонноор хэмжигдэж буй энэ үед хөгжлийг дөтлөн урагшлуулах шинэчлэлийн гол хурдасгуур нь “Боомтын сэргэлт” гэдгийг Засгийн газраас онцолж байна. Ингэснээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын алсын харааг “Боомтын сэргэлт” тэргүүлэхээр болж байна. Өөрөөр хэлбэл дээрх бодлогын хүрээнд дэд бүтцийг бий болгож, экспортын боомт, гарцуудыг нэмэгдүүлэх, хүчин чадлыг өргөтгөн, экспортоо тэлэх замаар эдийн засгаа эрчимжүүлэхийг чухалчилна гэсэн үг.


Монгол Улс автомашинаар нүүрсээ зөөх бус төмөр замаар хурдыг өртөөлөн цаг хугацааг дөтөлж, экспортын хэмжээгээ нэмэгдүүлснээр эдийн засгаа хэд дахин тэлнэ гэсэн тооцоо, судалгаанууд “Боомтын сэргэлт” бодлогын хүрээнд өрнөж байна. Үнэндээ далайд гарцгүй 44 улсын нэг Монгол Улс бүрэн хүчин чадлаараа худалдаагаа өргөжүүлж чадахгүй байгаа нь боомтын гарц, хөгжилтэй шууд холбоотой. Бид үйлдвэрлэлийнхээ хүчин чадлаас бус хилийн нэвтрэх хүчин чадлынхаа нөлөөгөөр эдийн засгаа мөхөсдүүлээд байгаа нь нууц биш. Боомтоос хараат байгаа нөхцөлд бид цаашаа хөгжил ярих ямар ч боломжгүй юм. Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газар хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, боомт,  тээвэр логистикийн асуудлыг эхэнд нь эрэмбэлсэн юм.


Монгол Улс 37 боомттой ч 10 нь ажиллагаагүй. 


Монгол Улс боомтын хүчин чадлаараа дэлхийн 160 гаруй орноос 130-д эрэмбэлэгдэж байна. Манай улсын эдийн засгийн эргэлт ердөө 4 боомт дээр төвлөрч буй бөгөөд ингэснээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх, үнийн өсөлтөөс эхлээд бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөллийг бий болгож байгаа.


Эдүгээ Монгол Улсад авто замын 20, төмөр замын 3, агаарын замын 4 боомт буюу нийт 37 боомт байгаагаас 16 нь ОХУ-тай, 17 нь БНХАУ-тай хиллэж байна. Үүний 14 нь олон улсынх, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт юм. Манай улсын эдийн засгийн 80 гаруй хувь нь уул уурхайд түшиглэдэг, эрдсийн бүтээгдэхүүн дотроо нүүрсний экспорт 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ ч утгаараа Засгийн газрын тэргүүн боомтуудыг цаг алдалгүй төмөр зам, автозам, хурдны замаар холбох ажлуудыг нэн тэргүүнд хийхээ мэдэгдсэн. Тэрбээр “Зэс, нүүрс, төмрийн хүдэр, алтны экспорт улсын төсвийн гол бүрдүүлэгч. Гэтэл Монгол Улсын экспорт зөвхөн Гашуунсухайтын боомтоор хязгаарлагдаж байв. Эл боомтыг урд хөрштэй төмөр замаар холбож чадалгүй машинаар уул уурхайн бүтээгдэхүүнээ зөөж гаргасаар олон жилийг үдсэн. Тиймээс дээрх боомтын хажуугаар Хангийн боомтыг байнгын ажиллагаатай болговол бараа бүтээгдэхүүний эргэлт өсөхөөс гадна өрсөлдөөн нэмэгдэнэ. Ханги, Замын-Үүдийг чөлөөт бүс болгох замаар хилтэй холбож, Хөөт-Бичигт,  цаашлаад Шивээхүрэн-Арц суурийг  хооронд нь холбон, хэтдээ Ульханы боомтыг төмөр замаар холбож чадвал  Монгол Улсын нэвтрэх чадвар сайжирна” хэмээн тодотгосон юм.


Боомт нэмэгдэх тусам Монгол Улсын орлогын үүд бодитоор нээгдэнэ. Боомтын хөгжлийг улсын хөгжилтэй уяж байж Монгол Улс урагшилна гэдгийг Засгийн газрын тэргүүний үг илтгэж буй юм. Юутай ч Монгол Улс олон жил цаасан дээр төлөвлөж ирсэн стратегийн шинэ гарцуудаа бодлогоор авч явах ёстой гэсэн зөв голидролдоо орлоо гэж дүгнэж болохоор байна. Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн алсын хараа эдүгээ бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа нь сайшаалтай.


Одоогоор гурван боомт л төмөр замаар холбогдсон. Боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулахгүйгээр Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд бэрх. Эдийн засгаа урагшлуулж, ард иргэдээ сайхан амьдруулахын тулд Монгол Улс гадагшаа гаргах экспортоо тэлснээр валютын урсгалаа нэмэгдүүлэх боломжтой. Энэ утгаараа Боомтын сэргэлтийн хүрээнд зөвхөн дэд бүтцийг шийдээд зогсохгүй боомт дагасан хотуудыг хөгжүүлж, орчин үеийн ухаалаг терминалуудыг шийдэх, тээвэр логистикийн салбараа олон улсын түвшинд хүргэж өрсөлдөхүйц болгох бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Үүнээс гадна далайд гарцгүй Монгол Улс хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа худалдаагаа өргөжүүлэх явдал чухал юм. Тухайлбал Бичигт боомтын хувьд манай улсын зүүн босоо тэнхлэгт нийт 415 км зам үргэлжлэх бөгөөд давуу тал нь далайтай хамгийн ойр буюу 800 км-т байрладгаараа онцлогтой. Бүрэн хүчин чадлаар дээрх боомт ажиллаж эхэлбэл эдийн засагт томоохон цус сэлбэх дүр зураг харагдаж байгаа юм. Эдүгээ боомтуудыг холбосон авто зам, төмөр замын дэд бүтэц хангалтгүйгээс бараа бүтээгдэхүүний чанарын шаардлага алдагдах, тээвэрлэлтийн зардал өсөх зэрэг хүндрэлийг туулсаар байна. Дэлхийн банкны судалгаагаар манай улс ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Энэ нь бусад улс оронтой харьцуулбал хэт өндөр тоо юм. Нөгөөтэйгүүр импортын 70 гаруй хувь нь нэг боомтоор буюу Замын-Үүдээр орж ирдэг. Тиймээс нэг боомтын төвлөрлийг задлах тусам бараа бүтээгдэхүүний үнийн асуудал хяналтад орох боломж бүрдэнэ гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байна.


Боомтын сэргэлтийн гарааг хоёр дахь хилийн гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтаар тавьсан. Уг бүтээн байгуулалтыг монгол инженерүүд богино хугацаанд хийж гүйцэтгэснээрээ онцлогтой. Ингэснээр  Монгол Улс нэгдүгээр зэрэглэлийн хүнд даацын буюу  жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадал бүхий 230 км төмөр замыг ашиглалтад оруулав. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор хүнд даацын хэдэн мянган машинаар нүүрс тээвэрлэх явдал дуусгавар болж, цаг хугацаа болон эдийн засгийн алдагдлаа бууруулсан. Тодруулбал, авто замаар тээвэрлэж буй нүүрс тээврийн зардал 40 ам.доллароос 8 ам.доллар болж, тонн тутамдаа 4 дахин буурах боломж бүрдэвМөн удахгүй Зүүнбаян өртөөнөөс хоёр дахь Замын-Үүд хэмээгдэх Хангийн чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эл боомт нээгдсэнээр Монгол Улсаас гарах уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээ эрс нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа. Улмаар боомтын сэргэлтийн хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо чиглэлийн төмөр зам, Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Арц суурь-Шивээхүрэн чиглэлийн 1200 км-ын төмөр зам болон Богдхан төмөр замыг тавихаар төлөвлөсөн. Түүнчлэн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг барьж жолоочгүй ухаалаг тээврээр экспорт хийх ажлыг эхлүүлэх юм. Ингэснээр Шивээхүрэнгийн хүчин чадал 4 дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Шивээхүрэн боомт нь нүүрсний экспортын 48 хувийг эзэлдэг бөгөөд жилд дунджаар 10-15 сая тонн нүүрс экспортолдог. Энэхүү боомтын сэргэлтийг хийж чадвал жилдээ экспортоо 40 сая тоннд хүргэнэ гэсэн тооцоо бий.


Түүнчлэн Монгол Улс боомтын сэргэлтийн хүрээнд “Транзит улс” болох зорилт тавьж, боомт дагасан хот, аялал жуулчлал, чөлөөт бүсийг хөгжүүлэхэд анхаарах аж. Дээрх бодлогын хүрээнд нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зэхжээ. Үүнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах замаар холболт хийх, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, терминалууд байгуулах төслүүд багтав. Ингэснээр ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлт сайжран, аялал жуулчлалын салбарыг дэмжих хөшүүрэг болох юм байна. Мөн эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулснаар тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж үзжээ.


Ийнхүү олон жил хүлээгдсэн бүтээн байгуулалтууд гараанаасаа хөдөлж байна. Цаашид "Боомтын сэргэлтийн хүрээнд агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, карго тээврийг өргөжүүлэх, аялал жуулчлалын экспортын шинэ боломжийг нээнэ" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Агаарын тээврийг төрөлжүүлэхэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 4-5 агаарын тээврийн боомтыг бий болгох юм байна. Урьдчилсан төлөвлөлтөөр Хөвсгөл, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд олон улсын шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Харин Чойбалсан, Ховд аймгийг дамжин өнгөрөх агаарын тээврийн ослын буулт хийх төв цэг болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Улаангом хотын хувьд хилийн ойр орчмын буюу ОХУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэхээс гадна Хөвсгөл, Хэнтий аймагт 4С зэрэглэлийн нисэх буудлыг бий болгон хөгжүүлэхээр тусгажээ.


Хэтдээ Монгол Улс зөвхөн зорчигч тээврээр хязгаарлагдахгүй олон улсын карго тээврийг хөгжүүлж, агаарын тээврийн дамжин өнгөрөх баазыг бий болгоход анхаарах юм байна. Ийнхүү Монгол Улс боомтуудаа хөгжүүлснээр эдийн засгаа сэргээх хөшүүргийг бий болголоо. Улмаар боомтуудаа хөгжүүлж тэлснээр Монгол Улс дараагийн шат буюу аж үйлдвэржилтийг дэмжих үе рүү шилжих юм. 

Холбоотой мэдээ