ТӨВ: Аймгийн хэмжээнд ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 233 аж ахуйн нэгж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-11 21:01:52

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын ууган салбарын нэг, Үйлдвэрлэлийн хоршоолол, ахуйн үйлчилгээ үүсэж хөгжсөний 90, 91 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна.


Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Үйлдвэрлэл хоршоодын холбоо” ТББ хамтран Монгол Улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй ажиллаж байгаа дунд, залуу үеийнхэнд хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


2022 оны байдлаар аймгийн хэмжээнд ахуйн үйлчилгээний чиглэлээр 233 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн 48.6 хувь нь оёдол, 14.2 хувь нь гутал, 8.6 хувь нь модон эдлэл, 11.1 хувь нь тээврийн хэрэгслийн болон ахуйн техникийн засвар, 0,7 хувь нь нийтийн халуун ус, 12,1 хувь нь үсчин, гоо сайхан, гэрэл зураг, 3.4 хувь нь бусад үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа юм.


Аймгийн үйлдвэрлэлийн хоршоолол, ахуйн үйлчилгээний салбараас Нийтийн аж ахуйн үйлчилгээний гавьяат ажилтан 4, мастер үсчин 3, мастер гоо засалч 1, удирдах ажилтан, мэргэжилтэн зэрэг олон алдартан төрсөн гарчээ. Түүхэн ойгоо тэмдэглэж байгаа энэ өдөр ахуйн үйлчилгээний салбарын гавьяатууд, алдартнуудад аймгийн удирдлагууд “Хүндэтгэл” хадгалууллаа.


Мөн хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, уг салбарт өөрийн залуу нас, ур ухаан, хүч хөдөлмөрөө шингээн ажиллаж байсан ахмад ажилчид, одоо ажиллаж байгаа ажилтан, ажилчдыг салбарын болон аймгийн шагналаар шагнаж, урамшууллаа.


Монгол Улсад 1931 онд анхны гар үйлдвэрийн артель үсчин, оёдолчин, гуталчин, сүлжмэлчин, гэр ахуйн цахилгаан хэрэглэл засварчин, цаг засварчин зэрэг олон мэргэжлийн ажилчдыг төлөвлөгөөтэйгөөр бэлтгэн ажиллуулж эхэлснээр тус салбар үүссэн түүхтэй.


Холбоотой мэдээ