ХӨВСГӨЛ: "Ээж минь дээ" дууны үг сийлсэн Ээж хад

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-11 16:26:54

 Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р багийн нутаг Битүүгийн аманд байрлах Ээж хадыг олон иргэн зорин очдог болжээ. Арбулаг сумын уугуул СГЗ Ч.Дагвадорж 1998 онд 9 метр орчим өндөр хадны 7 метрт нь өөрийн зохиосон “Ээж минь дээ” дууныхаа дөрвөн мөртийг сийрүүлэн бичжээ.


Тодруулбал түүний охин Д.Цэцэнтуяа Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч байсан зураач найзуудтайгаа хамт эмээгийнхээ хөргийг, дууны 4 мөртийн хамт 14 хоног сийлсэн байна. Нутгийн иргэд түүнээс хойш Ээж хад гэж хүндэтгэн очиж залбирдаг болжээ.


СГЗ Ч.Дагвадорж “Оюутан байсан тул ээжийгээ өнгөрөхөөс өмнө ирж уулзаж чадаагүй, нутаглуулахад нь ч очиж чадаагүй. Тэгээд дараа нь “Ээжийнхээ нүүрийг хамгийн сүүлд нэг харсан ч болоосой. Ээждээ зориулж уран бүтээл хийе” гэж боддог байсан. Тэр үед надтай хамт Зохиолчдын хороонд ажиллаж байсан, Үлгэрийн танхимын жүжигчин С.Цэрэнчимэд “Хоёулаа хоёр ээждээ зориулж уран бүтээл хийе. Ээжийн бие их муу байна. Одоо ч дээрдэхээсээ өнгөрлөө. Би сая хуурайлаад ирсэн, та ээжгүй хүний зовлонг мэднэ дээ. Бичсэн шүлгэнд чинь би ая хийе” гэлээ. Ингээд л 1988 оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөө гэнэт шүлэг бичмээр санагдахаар нь дэвтэр гаргаж тавиад  

Будантай юу буурал хорвоодоо

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө

Буруу юу, зөв хоёрыг минь

Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө...

Газар холоос санахаар

Гаднаа бөртийж харагдах юм

Галуу шувууд ганганахаар

Таныгаа дуудмаар дуудмаар болох юм аа... гээд шууд бичлээ. Нулимс ч асгарлаа. Ээжээсээ хойш 27 жил бэтгэрсэн минь ингэж л гарсан даа. С.Цэрэнчимэд аялгуу хийж өөрөө дуулсан. Хамгийн анх олонд хүрсэн шүлэг ч, дуу ч “Ээж минь дээ”шүү гэдгийг хэлж байлаа.

 

 

 

 

.

 

Холбоотой мэдээ