СЭЛЭНГЭ: Мандал сумын Ахмадын хороог аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-30 18:27:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын А/36 тоот захирамжаар Мандал сумын Ахмадын хороог Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

 

Шагналыг энэ сарын 28-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа хүндэтгэл үзүүлэн Мандал суманд очин гардуулав.   

 

Ж.Алтанзаан даргатай тус Ахмадын хороо нь улс, аймгийн чанартай аливаа урлаг, спорт, нийтийг хамарсан олон талт үйл ажиллагаанд удаа дараа манлайлан оролцож, аймгийн “Шилдэг ахмадын байгууллага”-аар шалгарч байжээ. Иймээс ахмадуудынхаа ажил үйлс, амжилт бүтээлийг аймгийн ИТХ-аас ийн үнэлжээ.

 

50 жилийн ойн хүрээнд энэхүү хүндэтгэлтэй шагналыг хүртсэн тус хорооны дарга Ж.Алтанзаан: "Манай хороо аймгийн хүндэт байгууллагын нэг боллоо. Бид цаашид улам ихийг хийж бүтээх болно” хэмээн талархлаа илэрхийллээ.

 

Олон улсын болон Монголын ахмадын өдөр, түүхт 50 жилийнх нь давхар баярын хүрээнд Мандал сумын Засаг дарга түүний Тамгын газраас бас нэгэн бэлгийг ахмадууддаа барилаа.

 

Тодруулбал Монгол Улсын Ардын жүжигчин С.Батсүх, Монгол Улсын Гавъяат жүжигчин Э.Бүрнээбаяр нарын хамтарсан ая дууны “Хүндэтгэлийн тоглолт”-ыг үнэ төлбөргүй зохион байгуулж үзүүлсэн байна.

 

Энэхүү ахмадаа дээдэлсэн, баярлуулсан үйл ажиллагааг Мандал сумын ЗДТГ, АДБ-ийн “Мөнгөн Хараа чуулга хамтран зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ