ТӨВ: “Оросын зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-28 15:48:28

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн музей, Монголын театрын урлагийн музейтэй хамтран өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаатай “Оросын зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” үзэсгэлэнг дэлгэлээ.


Төв аймгийн музейгээс жил бүр тодорхой сэдвийн хүрээнд музейн сан хөмрөг, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг бөгөөд өмнөх жилүүдэд цаг үеийн хэлхээний үзмэрүүдээ дэлгэж байсан билээ.


Уг үзэсгэлэнд Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын консерваторийн тайзнаа тоглогдож, монголчуудын эчнээ танил болсон Оросын зохиолчдын зохиол, бүтээлийн фото зургуудыг дэлгэжээ.


Тухайлбал та бидний сайн мэдэх Л.Н.Толстой “Анна Каренина”, П.Чайковский “Хунт нуур” бүжгэн жүжиг, “Иоланта” дуурь, А.Чехов “Цахлай” жүжиг зэрэг олон бүтээлтэй танилцах боломжтой юм.


Иймд хүүхэд залуучууд, иргэдийг Төв аймгийн музейгээр зочлон мэдлэгийн хүрээгээ тэлж, Оросын алдартай зохиолчдын уран бүтээлүүдтэй танилцан, алтан үеийнхэн, одоо ажиллаж байгаа дунд болон залуу үеийнхний зурагт дурсамжаар аялахыг уриалж байлаа.  

 

Холбоотой мэдээ