ӨВӨРХАНГАЙ: Орон нутгаа хамгаалах ур чадварт иргэдийг сургалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-13 12:40:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас "Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн анхдагч хээрийн дадлага, сургалт"-ыг Хужирт сумын “Цагаан залаа” зусланд зохион байгууллаа.

Сургалтад хангайн бүс буюу Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга сумын ЗДТГ-ын дарга, томилгоот иргэдийг хамруулж, үүсэж болзошгүй цагийн байдалд орон нутгаа хамгаалах ур чадварт сургасан юм.

Хээрийн дадлага, сургалтад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа болон бусад албаны хүмүүс, аймгийн Засаг дарга А.Ишдорж, 19 сумын Засаг дарга нар оролцлоо.


Сургалтад иргэдийг сонгохдоо 70 хувь нь цэргийн алба хаасан, 30 хувь нь хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн буюу цэргийн алба хаагаагүй хүмүүс байхаар төлөвлөсөн бөгөөд идэвх оролцоо сайн байж, үүргээ амжилттай гүйцэтгэснийг албаны хүмүүс хэлж байв.

2018 онд Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УИХ-аар Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийг батлуулсан нь орон нутгаа хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, түүний бэлтгэлийг хангах, хамгаалах, төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, ард иргэдийн хүлээх үүргийг зохицуулсан ихээхэн ач холбогдолтой баримт бичиг болсон” хэмээн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр онцлон хэлсэн бөгөөд хуулийн хүрээнд орон нутагт анх удаа хээрийн дадлага, сургууль хийж байна. 

Холбоотой мэдээ