Европын холбооны зарим улс нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн туршлагаа хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-12 14:25:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо эхэллээ.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ” гэсэн зорилт туссан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ХНХЯ, Европын Холбооны Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох төсөлтэй хамтран ажиллаж байна.


Уулзалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын шинэчлэл хийж, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих зорилт туссан. Энэ шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн параметрийг өөрчлөх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилго дэвшүүлж байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө социалист улсуудын тэтгэврийн шинэчлэл хийсэн туршлагыг судлах нь бидэнд ач холбогдолтой” гээд сургалт уулзалтыг зохион байгуулахад дэмжсэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, холбогдох зөвлөх нарт талархал илэрхийллээ. 



Энэ үеэр Литва Бельги, Польш, Словени, Казахстан улсын холбогдох албаныхан илтгэл тавьж, хуучин социалист улсуудын тэтгэврийн шинэчлэл хийсэн туршлага, алдаа оноог түлхүү хэлэлцэнэ. Сургалт уулзалтад ХНХЯ, Сангийн яам, НДЕГ, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, МҮЭХ, МАОЭНХ, судлаач, хувийн хэвшлийн зэрэг 100 орчим төлөөлөгч оролцож байна.



Холбоотой мэдээ