Их Британийн хатан хааны шарилыг Эдинбургт хүргэжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-12 09:10:18

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн хатан хаан II Элизабетын шарилыг тээсэн тээврийн хэрэгсэл бүхий цуваа Шотландын нийслэл Эдинбург хотод иржээ.


Өнгөрсөн пүрэв гарагт 96 насандаа таалал төгссөн хатан хааны Шотланд дахь зуны өргөө болох Балморал шилтгээнээс уг цуваа ням гарагт хөдөлсөн юм.


Хаан сэнтийд 70 жил заларсан хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр уй гашууд автсан олон зуун хүн цувааны маршрутын дагуу жагсан зогссон байжээ.


Хатан хааны шарилыг өнөө орой Эдинбург дахь Холирудхаус ордонд хүргэнэ. Түүний дараа Гэгээн Жайлсын сүмд 24 цагийн турш байлган олон нийтэд хүндэтгэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ажээ.


Мягмар гарагт шарилыг агаарын хүчний нисэх онгоцоор Лондонд хүргэж, улмаар дараагийн өдөр нь Вестминстерийн ордон рүү шилжүүлнэ.


Хатан хааныг эцсийн замд нь үдэхийн өмнө хүндэтгэл үзүүлэх боломжийг олон нийтэд олгохын тулд шарилыг дөрвөн өдрийн турш тус ордонд байлгана.


Салах ёс гүйцэтгэх ёслол есдүгээр сарын 19-ний өдөр болно.

Холбоотой мэдээ