ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: “Хөвсгөл шимт” өргөст хэмхийг орон нутгийн брэнд болгоно

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-06 10:53:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хувьсгал” сэдвийн дор Хөвсгөл аймгийн Мөрөн  суманд шилжин ирж  “Хөвсгөл шимт” өргөст хэмх үйлдвэрлэж, орон нутгийн брэнд болгох зорилт дэвшүүлсэн  “Ихэр гурван сувд” ХХК-ийн захирал Б.Алтансүхтэй ярилцлаа.



Хөвсгөл аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байна. Үүнээс Мөрөн суманд 400 гаруй иргэн газар тариалан эрхэлж байна. 


Сүүлийн үед иргэд хүлэмжийн аж ахуй эрхлэн нарийн ногоо тарьж байгаа боловч ургацаа хэрхэн борлуулах нь иргэдийн өмнө тулгамддаг нэгэн асуудал юм. Тэгвэл орон нутагт өргөст хэмх тариалахын зэрэгцээ, иргэдийн тарьсан өргөст хэмхийг худалдан авч “Хөвсгөл шимт” бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэр бүлийг танилцуулж байна.

 

-Танай гэр бүл яагаад Хөвсгөл аймагт шилжиж ирсэн бэ?

-Манай гэр бүл Улаанбаатар хотод амьдарч байсан. Миний хувьд борлуулалтын менежерээр ажилладаг. Арав гаруй жилийн өмнөөс  Хөвсгөл аймагт ажлын шугамаар олон удаа ирж, дэлгүүрүүд, бөөний төв, нарийн боовны үйлдвэрт монгол бор өндгийг нийлүүлдэг байсан. Олон найз нөхөдтэй болсон. Энэ үед Мөрөн сумын “Санаа нэгт төрийн бус байгууллагын найз нөхөд маань хамтран 16 га газар дээр ногоо тариалалт хийж байгааг хараад л энэ ажлыг сонирхож эхэлсэн. 

2019 оны зун “Санаа нэгт төрийн бус байгууллага хүүхдүүдэд зориулсан англи хэл ба зан чанарын сургалт зохион байгуулахад манай гэр бүл амрангаа тусалсан. Охин маань туслах багш, эхнэр хоол ундны  үйлчилгээнд сайн дураараа ирж үйлчилж, гэр бүлээрээ зуны 3 сарыг Мөрөнд өнгөрүүлсэн. Энэ хугацаанд шилжин ирэх, цаашид юу хийх талаар ярилцаж, шийдвэр гаргах түвшинд хүрсэн гэж болно.

Монголын Швейцар гэж нэрлэгддэг энэ сайхан хоймор нутгийн уул ус, агаар, хөдөлмөрч ард түмэн, найз нөхдийн маань нөхөрлөл биднийг өөрийн эрхгүй татсан. Мөн хотын түгжрэл, утаа гээд хувь хүнээс шалтгаалахгүй олон асуудал гарч байгаа энэ үед орон нутагт төлөвлөсөн бүх ажлыг өдөртөө амжуулах боломжтой гээд олон давуу тал байгааг бид олж харсан.

 

-Нарийн ногооноос өргөст хэмхийг яагаад онцлон тариалж, үйлдвэрлэх болов?

-Мөрөн суманд ирээд 2020 онд найз нараасаа 2,5 га газрыг ногоо тариалах зорилготой авч хөрсийг нь бэлтгэж эхэлсэн. Голын ойролцоо болохоор сайр, чулуу, хайрга ихтэй. Трактор явахад анжис нь хугараад хэцүү, том, том бух чулуу ихтэй нэлээдгүй хөдөлмөр зүтгэл, мөнгө санхүү гаргаж, нэг сарын турш 50 орчим тонн чулууг түүж, цэвэрлэн газраа бэлдэж авсан. Ингээд 6х8 хэмжээтэй хүлэмж авч голланд сортын улаан сонгино, төмс, манжин, лууван, байцаа, нарийн ногоо тариалсан. Ургац ч сайхан ургаж, урам зориг улам нэмэгдсээр.

Гэтэл  асуудал гарч эхэлсэн. Намар ногоо хадгалах зоорь, хятад ногооны үнэ хямд зэргийг тооцоолоогүй байсан тул эрсдэл гарсан. Хөвсгөл аймгийн ногоочид маш хөдөлмөрч, зунжин уйгагүй ажиллаж, сайхан ногоо ургуулж чаддаг мах их хөдөлмөрч хүмүүс. Хамгийн гол нь ургацаа хадгалах зоорь, ногоо борлуулах ажил нь хүндрэлтэй байгааг өөрсдөө тариалж байж л мэдэрсэн. Энэ үед Улаанбаатарын Барс зах шиг ногооны бөөний зах нээчих юмсан гэж боддог байлаа. 

Харин дараа жил нь жаахан туршлага суусан. Ногоочидтойгоо давхцал бага байхаар ямар ногоо тариалж болох вэ гэж судалж байгаад ил талбайн өргөст хэмх тариалж үзсэн.


Цаг агаарын онцлог нөлөөлдөг ч гэсэн нөмөр газар болон, хүлэмжид ил талбайн өргөст хэмх сайхан ургах боломж байгаа нь харагдсан. Гэхдээ бас л борлуулахад үнэ хямд. Мөн иргэд намрын улиралд л тарьсан өргөст хэмхээ даршилж борлуулдаг. Нөөц бага учраас 11 дүгээр сараас хойш дандаа Улаанбаатар хотоос томоохон үйлдвэрүүд худалдааны төвүүдэд нийлүүлж байгаа нь харагдсан. Иймээс нэгэнт хөрсөндөө тариалах боломжтой учир өргөст хэмхийн үйлдвэр байгуулахаар  шаардлага хангасан ажлын байр судалж, үйлдвэрлэл нээх зорилго тавьсан. Хамгийн гол нь ханийнхаа мэдлэгт тулгуурласан.


Манай эхнэрийг Г.Цэцэнбаяр гэдэг. Хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй хүн. Ямар орц, найрлага байх ёстойг сайн мэднэ. Олон газар заавар, зөвлөгөө өгч ажиллаж байсан. ХҮДС-ийн МСҮТ-д арав гаруй жил багшилж байгаад ханийгаа дагаад ажлаа, хамт олноо орхиод ирсэн. Бид Хөвсгөл аймгийн иргэдэд орон нутгийнхаа хөрсөнд ургасан өргөст хэмхээр өртөг багатай, чанартай, бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүргэх зорилт тавьж хамтдаа ажиллаж, хөдөлмөрлөж байна.


-Энэ жилийн ургац арвин уу?  Нөөц хэр бүрдүүлээд байна ?

-Манай гэр бүл энэ жил ил талбайн найман төрлийн өргөст хэмхийн сортыг, хүлэмжид, хэрэглээний нарийн, бүдүүн ногоо, Завханы улаан саримс бага зэрэг тарьж туршиж үзсэн. Нэгэнт үйлдвэрээ нээх зорилго тавьсан болохоор сонирхсон ногоочид болон өрхийн бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд зориулан “Хөвсгөл ил талбайн өргөст хэмх” фэйсбүүк групп үүсгэн хамтран ажиллаж байна. Туршлагатай багш урьж хичээл заалган, чанартай сортын үр нийлүүлж, хамтран өргөст хэмх тариалсан. Одоогийн байдлаар 20 орчим ногоочдоос өргөст хэмх, гоньд, цагаан лууван, цэцэгт байцай, хүрэн манжин  гэх мэт ногоог 5 сая орчим төгрөгөөр худалдан аваад байна. Цаашид илүү эхийг худалдан авах боломжтой. Үйлдвэрлэл маань өдөрт доод тал нь  500 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.


-Хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна ?

“Хөвсгөл шимт” үйлдвэр тогтмол 5 хүнийг ажлын байраар хангаж байна. Шил угаах, цэвэрлэгээ хийх зэрэг цагаар буюу өдрөөр ажилладаг 10 гаруй оюутан залуус бий. Сурахын хажуугаар зав гаргаж ирж ажиллаад өдөртөө хийсэн ажлынхаа хөлсийг авдаг. Мөн дахин боловсруулалтын шил нийлүүлдэг гэр бүлүүд байгаа. Үйлдвэр маань эхлээд удаагүй байгаа ч хэсэг хүмүүсийг тодорхой ажлын байр, өрхийн орлоготой болгож хүмүүсийн амьдралд багахан ч гэсэн орлогыг нь бүрдүүлэхэд хувь нэмэр болж байгаадаа баяртай, урамтай ажиллаж байна.



-Үйлдвэрлэл явуулахад хүндрэл бэрхшээлтэй зүйлс байна уу?

-Хийж бүтээе гэсэн чин хүсэл байхад аяндаа бага багаар бүтээд болоод л байна. Тариаланч болох зорилготой ч газар хагалж үзээгүй хүмүүс ирээд хайрга чулуутай газрын 50 тонн чулууг түүж байхад амар байгаагүй ээ. Тэр үед ковидын хөл хорионы цаг байсан болохоор өөр ажил хийх боломжгүй учир шантралгүй хийсээр газраа бэлтгэж авсан. Хүлэмжтэй болж ногоонууд тариалсан. Одоо үйлдвэртэй боллоо. Хүнсний үйлдвэрлэл учраас стандартын орчинд байх шаардлагатай үйлдвэрийн байр авах, засварлах зэрэгт бүхнээ зориулж байна. Хотод амьдардаг байраа зараад л үйлдвэрийн байрандаа хөрөнгө оруулалт хийсэн.


Хөвсгөл аймаг маш олон хүн амтай. Түүнийг дагаад хүнсний ногоо, нарийн ногооны хэрэглээ өндөр. Цаашид жилийн 4 улиралд үйлдвэрээ ажиллуулахад өргөст хэмхийн нөөц л дутагдахаар байна. Ирэх хавар олон иргэн хашаандаа, талбайдаа өргөст хэмх тариалаасай. Үүнийг дагаад орон нутгийн иргэд ажлын байр, орлоготой болно. Тарьсан ургацаа борлуулна гэж цаг алдахгүй шууд бэлэн мөнгөөр худалдан авахад ногоочид маань ч баяртай байдаг.  Энэ чинь нөгөө дэм дэмдээ, дээс эрчдээ гэдэг шиг л бие биенээ дэмжиж хөгжиж байгаа юм.


Хөвсгөл аймагт нутагшуулан, ургуулсан эко ногоо маань тасралтгүй гараад байвал иргэддээ хямд үнээр чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой. Манай үйлдвэр ч хангалттай нөөцтэй болно. Манай үйлдвэрт өнөөдрийн байдлаар 5000 орчим шил бүтээгдэхүүн бэлэн байна. Түүхий эд болох шинэ өргөст хэмх хомстож байна. Ногоо даршилгааны үйлдвэрийн гол түүхий эд бол мэдээж өргөст хэмх.  Гэхдээ төрөл бүрийн ногоо хэрэгтэй байдаг. Цаашид иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна.



-      -Иргэдийн худалдан авалт хэр байна ?

-Манай өргөст хэмхийг худалдан авсан хүмүүс бидэнд маш их урам өгч байна. Хүн чинь “Бурмаар биш урмаар тэжээгддэг” гэдэг үнэн юм билээ. Би өөрөө дэлгүүрүүдээр түгээлтээ хийдэг. Их амттай, таалагдсан гээд л магтана. Энэ сайхан үгсийг эхнэртээ болон хамт олондоо дамжуулаад л их эрч хүч авна шүү дээ. Цаашид төр захиргааны бодлоготой нийцүүлэн Монгол Улсын стандартын дагуу эко хүнсний ногоог нутагтаа тариалж, ногоочидтойгоо хамтран хоршоо хэлбэрээр ажиллана. Шаардлага хангасан үйлдвэрлэлийн цехэд боловсруулан савлаж, Хөвсгөл аймгийн нутгийн шинэ брэндийн тоог нэмэгдүүлэх, өрхийн бизнесийг дэмжих, иргэдийн нарийн ногооны хэрэглээний ач тусыг таниулан сурталчлах, мөн хагас боловсруулсан ногооны бэлдэц гаргах, даршилгааны нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг хоорондоо уялдаа холбоотой ажлыг зорилт болгон төлөвлөн ажиллаж эхлээд байна. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг Хөвсгөл аймгийн ХХААГ-ын Я.Эрхэмбаяр даргатай хамт олонд, мөн ногоочдодоо  талархаж байна. 

 

 

 

 

Холбоотой мэдээ