ДУНДГОВЬ:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд аймгийн 22 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн бүртгэл, эрх зүйн орчин, цэцэрлэгийн дэмжлэгийн багийг үр дүнтэй
ажиллуулах нь” сэдвээр энэ сарын 29-нд сургалт зохион байгуулав.
“Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийг Азийн
хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар БШУЯ хэрэгжүүлж байгаа бөгөөд “хөгжлийн
бэрхшээлтэй охид хөвгүүдийн боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, дэмжлэгийн багийг чадавхжуулах”
зорилготой юм.
Тус төсөл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул,
Дорнод, Дундговь аймагт хэрэгждэг бөгөөд Дундговь аймгийн хувьд Сайнцагаан
сумын Говийн ирээдүй цогцолбор сургууль, 3 дугаар цэцэрлэг төслийн зорилтот
байгууллагаар сонгогдсон.
Сургалтын үеэр оролцогчид “эцэг эх, асран хамгаалагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ боловсролын үйлчилгээнд хамруулахдаа болон оношлуулахдаа хойрго байдаг, хүлээн зөвшөөрдөггүй” зэрэг бэрхшээл байгааг тодорхойлж, цаашид тэгш хамруулах боловсролыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
Тус аймгийн хэмжээнд 190 гаруй, Сайнцагаан суманд 70 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэлтэй байдаг. Төслийн хүрээнд Сайнцагаан суманд боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй 20 гаруй хүүхдийг илрүүлэн сургууль, цэцэрлэгт хамруулах нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байгааг төслийн зохицуулагч Э.Мөнхжаргал тодрууллаа.