Өрхийн орлого, зарлагын зөрүү 74.5 мянган төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-15 12:06:44

Өрхийн орлого, зарлагын зөрүү 74.5 мянган төгрөгт хүрсэн талаар өнөөдөр Үндэсний Статистикийн Хороо мэдээлэв.

Өрхийн дундаж орлого долдугаар сарын байдлаар 9.1 хувиар буурч, 970 мянган төгрөг болсон бол зарлагын хэмжээ нэг сая 44 мянган төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэд 3500 төгрөг байсан орлого, зарлагын зөрүү энэ жил 74.5 мянган төгрөг болсон байна. Статистикийг задлаад харвал өнгөрсөн онд нийт өрхийн 42.4 хувийг бүрдүүлж байсан 900 мянгаас дээш төгрөгийн орлоготой өрхийн хэмжээ 2016 он гарсаар огцом буурч, 36.4 хувийг бүрдүүлэх болжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого эхний долдугаар сард 962.8 тэрбум төг, зарлага 966.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 195.9 тэрбум төг буюу 25.5 хувь, зарлага 70.3 тэрбум төг буюу 7.8 хувиар өслөө.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ