ГОВЬ-АЛТАЙ: Нийт нас баралтын 34,5 хувийг хорт хавдар эзэлж байна

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-18 11:37:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар нас баралт 165 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 24 тохиолдлоор өссөн байна. 

Тэдгээрийн 58.2 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас баралтын 57 буюу 34,5 хувийг хорт хавдрын, 14 буюу 8.5 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 134 830 үзлэг хийснээс:

-19.4 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-63.1 хувь нь өвчний учир амбулаторит, 

-4.8 хувь нь идэвхтэй хяналт, 

-10.6 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 

-2.1 хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байгаа аж.

Мөн хугацаанд түргэн тусламжийн 6202 дуудлага хүлээн авч үйлчилснээс 1188 буюу 19.2 хувь алсын дуудлага, 123 буюу 2.0 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа тухай холбогдох албанаас мэдээлсэн юм. 

Харин мөн хугацаанд аймгийн хэмжээнд халдварт өвчний 5764 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 3849 тохиолдол буюу 10000 хүн амд 653.9-аар өсчээ. Энэ нь Ковид-19 халдвар гарсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 5700 буюу 98.9 хувийг коронавирусийн халдвар эзэлж байгаа юм. Аймгийн хэмжээнд 2022 оны эхний 6 сарын байдлаар 10 төрлийн 5764 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10.000 хүн амд 984.6 байна. Халдварт өвчний улмаас нас баралтын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн ба гурав нь коронавирусийн халдварын, нэг нь сүрьеэгийн шалтгаантай хэмээн ЭМГ-ын Хяналт-Шинжилгээ , үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.


Холбоотой мэдээ