ГОВЬ-АЛТАЙ: Дуунд мөнхөрсөн "Эрээн нуур"

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-30 15:47:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын баруун зүгт орших Говь-Алтай аймаг нь 141.4 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Тус аймагт уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд их бий. 

Харин нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд Алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршдог юм. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг ажээ.

Говь-Алтай аймагт аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ онгон байгаль, байгалийн гайхамшиг бүрдсэн нутгуудаараа алдартай билээ. Тэдгээрээс Алтай нутгийн аялал жуулчлалын бүс нутаг болох дуунд мөнхөрсөн Эрээн нуурыг онцлон танилцуулъя.

Эрээн нуур нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших дөрвөн талаараа элсэн манхнаар хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт нуур бөгөөд Завхан голын усаар тэжээгддэг. Далайн түвшнээс дээш 1450.5 метрт оршдог, 4 км.кв талбайтай. Эрээн нуурыг тойрон хүрээлэх элсэн манхны цаад талд хангайн бүсийг санагдуулахаар цэцэг ногоо алаглаж, зэгс, бургасанд нь усны шувууд цуглаж орчин тойрны байгалийн үзэмжийг улам нэмэгдүүлдэг. 

Эрээн нуур бол элсэнд дарагдалгүй тогтсон, нуурын ус руу элс нуран орсон ч булингартдаггүй өвөрмөц тогтоцтой ажээ. Салхитай өдөр элсний ширхэг бүхэн салхиар туугдан нүүр нүдгүй шуурч, элсэн манханууд нь нүүж байх шиг санагддаг хэрнээ Эрээн нуурын ус тув тунгалгаар мэлмэрч байдаг нь сонин. Ангаж цангаж яваа явуулын хүмүүс Эрээн нуурыг хараад зэрэглээнээс ус ургаад гараад ирэв үү хэмээн гайхширдаг гэлцдэг. 

Нуураас баруун тийш 6 км зайд танан цагаан өнгөөр гялтганан цайрах цагаан давс, малын хужир бүхий Дөрөө нуур элсэн манхнаар тусгаарлагдаж оршино. Нуурын баруун талын хөндий болон арын их элсэн манхны орчинд хар сүүлт, цагаан зээр, чоно, үнэг, мануул, хярс байдаг. Урин дулаан цагт олон зүйлийн усны шувууд нуур усанд нь цуглаж, орчин тойронд нь таван хошуу мал багширч нуурын үзэсгэлэнг улам нэмдэг.

Байгалийн содон тогтоц болох Эрээн нуурын тухай дотоод гадаадын гийчид шагшин магтахын зэрэгцээ 10 гаруй дуу, шүлэг зохиосноос нутгийн уугуул СГЗ, яруу найрагч Д.Лхагвасүрэнгийн шүлэг, УГЖ Л.Тэрбишийн хөгжим “Эрээн нуур” дууг УГЖ Г.Жанчив, УГЖ Д.Банзрагч нар дуулж олон түмэнд дэлгэрүүлсэн билээ.

Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд Цээлийн загас өртөөлөн наадсан Цэлэлзэх мандал нь мөнгөрөн бидэртээд Цэнгийн нүүдэл хоргодрн чуулсан ....

Эрээн нуурын эзэн нь хоёр хөөрхөн хүүхэд байдаг хэмээн домоглодог. Өглөө эртийн нарнаар торгон элсний хаяан дээр тоглож байгаад хүний бараа харангуут нуурандаа ус цалгиулан инээсээр ордог гэнэ. Тэр хоёр хүүхдийг харсан хүнд үрийн заяа, аз хийморийн лундаа оршдог хэмээн бэлгэшээнэ. Өөр нэгэн хууч ярианд, Эрээн нуур, Их Монгол элсэн манхныг ороо морь, хурдан морины савдагтай хэмээдэг. Их Монгол элсэнд нутагшин байрлаж Эрээн нуурын уснаас ундаалж хээрийн онгон салхинаас өөр юу ч нуруундаа хүргээгүй атар онгоноороо давхилдах Шувуун хээр гэдэг азаргатай 40 орчим зэрлэг адуу энэ их элсэнд байсан хэмээн нутгийн хөгшид домог болгон ярьдаг.


Нуурыг түшиглэн Эрээн нуур жуулчны бааз ажилладаг. Улаанбаатар хотоос 1150 км, Алтай хотоос хойд зүгт 150 км, Улиастай хотоос баруун зүгт 110 км-ийн зайд оршдог. Тус бааз нь Монголын их элсэн дунд орших үзэсгэлэнт Эрээн нуур, Завхан гол 1-5 км, дархан цаазат Хасагт Жаргалан ууланд орших “Монгол Утай” хэмээх Хүнхэрийн амралтаас 70 км, Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, Хүйсийн говиос 80 км, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулнаас 145 км-ийн зайтай.


Холбоотой мэдээ