СҮХБААТАР: Мод тарих сургагч багш нарыг бэлтгэлээ

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-30 12:42:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тэрбум мод үнэсний хөдөлгөөний хүрээнд БОАЖЯ-аас “Мод тарих 1000 сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрт Сүхбаатар аймгийн сум тус бүрээс гурван иргэнийг хамруулж, нийт 39 иргэнийг мод тарих сургач багшаар бэлтгэжээ.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд нэгдсэн журмаар хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж онолын сургалтыг цахимаар 5 дугаар сард 10 хоног, хээрийн дадлага сургалтыг тухайн орон нутагт тав хонгийн хугацаатай зохион байгууллаа. Далдага буюу хээрийн сургалтаар сургагч багш нарын онолын хичээлийг бататган мод үржүүлгийн газрыг хэрхэн сонгох, түүний төлөвлөлт, зохион байгуулалт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн төлөвлөлт, ногоон байгууламжийн модны зүйлийн сонголт сэдвүүдээр дадлагажуулсан байна. Уг дадлагыг ШУА-ны академич ойн судлаач, ШУ-ны гавьяат ажилтан Ч.Дугаржав, доктор Ш.Цогт, МУИС-ийн багш докторант Д.Цог-Эрдэнэ нар удирдан чиглүүлсэн бөгөөд сургалтыг “Сүхбаатар-Ойжуулалт” сум дундын ойн анги, “Баруун-Урт цэцэрлэгжилт” ОНӨҮГ, “Ойжуулалт-Хайлааст” ХХК, Баруун-Урт сумын ЗДТГ-ын дэргэд байгуулж буй ХАА-н цогцолбор, аймгийн ХХААГ-ын "Жимс жимсгэнийн суулгац үржүүлэх төв"-ийн талбай зэрэг газруудад хийв.


Мөн энэ удаагийн дадлага сургалтаар тухайн орон нутгийн хөрсөнд дасан зохицох чадвартай нутгийн унаган ургамал, модыг хэрхэн өсгөн үржүүлэх талаар заавар зөвлөгөө, мэдлэгийг өгсөн нь сургагч багш нарт өгсөн нь илүү ач холбогдолтой байсан тухай аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.     

Холбоотой мэдээ