БАЯНХОНГОР: Цахимаар залилах гэмт хэрэг 1.8 дахин өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-30 11:06:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны эхний таван сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт залилах гэмт хэрэг 40 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 26 нэгжээр буюу 1.8 дахин өссөн дүн гарчээ.

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх энэ төрлийн гэмт хэргийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг, тэр дундаа цахимаар залилах гэмт хэрэг огцом өсч, иргэдэд их хэмжээний хохирол учруулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, мэдээллийн цаг хүрээг  нэмэгдүүлэх нь чухал байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

"Залилах гэмт хэрэг нь маш олон төрөл хэлбэрээр үйлдэгдэж байгаагийн нэг нь олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэг байна. Энэ аргын гол онцлог нь тодорхой нэг иргэн, хуулийн этгээдээс иргэдийн их хэмжээний ашиг олох сонирхлыг нь өдөөж, мөн гадаад улсад ажиллаж, амьдрах, гадаад улсаас хөрөнгө оруулалт болон санхүүгийн дэмжлэг авах хүсэл эрмэлзэлд дөрөөлж өөрсдийгөө гадаадын хөрөнгө оруулалттай, эрсдлийн сантай гэх зэргээр итгэл төрүүлэн хуурамч мэдээ мэдээллийг олон нийтэд тараадаг. Үүнийхээ дүнд иргэдэд, Та олон хүн доороо элсүүлэх юм бол тэр хэмжээгээр их ашигтай ажиллах болно гэж, тодорхой хэмжээний урамшуулан олгон итгэлийг олж шаталсан байдлаар олон иргэдийг элсүүлж хохироодог онцлогтой. Бүр цаашлаад анх элссэн иргэд нь энэ гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигч, хатгагч ч болж хохирох үр дагавартай"-г Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч М.Дамдиндорж ярьж байна.

Тиймээс уг гэмт хэргийг Монгол Улсын ЭХХТХ-ийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу Залилах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд оруулан хуульчилсан байдаг аж.

Нийт иргэдээ батлагдаагүй, хуурамч мэдээ мэдээллийг сайтар нягталж, хохирохгүй байх, энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдсэн бол Цагдаагийн байгууллагад мэдэгдэж таслан зогсоож, хамтран ажиллах шаардлагатай байгааг тус албаныхан сануулав.

Холбоотой мэдээ