Өсвөр насны охидод сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн талаар мэдээлэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-03 17:19:45

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Охидын шивнээ" үйл ажиллагааг зохион байгууллаа.


НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөрийн зохицуулагч, аймгийн Хүүхдийн элч М.Эрдэнэбилэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Охидын сарын тэмдгийн өдөр”-ийн хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тавдугаар сарын 28-нд Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдрийг тэмдэглэдэг. Энэ жил "2030 он гэхэд сарын тэмдгийг жирийн үзэгдэл гэдгээр нь хүлээж авдаг болцгооё" гэсэн уриан дор тэмдэглэж байна. Өсвөр насны охидод сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн мэдээллийг хүргэх, тулгамдаж буй асуудлаар нь зөвлөн туслах замаар тэднийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд сургалт уулзалтыг өрнүүлсэн байна.

Сургалтад ерөнхий боловсролын 8-11 дүгээр ангийн 200 охин оролцсон төдийгүй сургуулийн эмч, сэтгэлзүйч оролцлоо. Энэ үеэр

-Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан эмч Ш.Сэлэнгэ “Би ээж болно” /сарын тэмдгийн эрүүл ахуй, гэр бүл төлөвлөлт, зөв хооллолт/,

-Аймгийн Цагдаагийн газрын сэтгэл зүйч, цагдаагийн ахмад Ц.Гоомарал /Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө/

-Аймгийн Улаан загалмайн хорооны арга зүйч багш А.Цагаандарь /Ковидын дараах нийгэм сэтгэлзүйн дэмжлэг/  сэдвүүдээр мэдээлэл хүргэлээ хэмээн аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ