“Музей ба хүүхдүүд” өдөрлөгт 150 гаруй хүүхэд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-05-30 14:30:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чойжин ламын сүм музей Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Музей ба хүүхдүүд” өдөрлөгийг зохион байгууллаа.


Тус өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд түүх, соёлын өвийг таниулан сурталчлах, музейн урлагийн боловсролын ажлыг тэгш хүртээмжтэй хүргэх, соёлын өвөө хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилготой.

Манай улсын хувьд 2021 оны байдлаар, хөгжлийн бэрхшээлтэй 106 мянга гаруй иргэн байдгаас 10 хувь нь хүүхдүүд байдаг аж.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн хэлэхдээ, “Соёлын яам байгуулагдсанаар 16 хүртэлх насны хүүхэд музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүнээс хараат байдаг учир эцэг, эх, асран хамгаалагчийн тусламжтай ирдэг. Иймээс зөвхөн өнөөдөр биш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг музейг үнэгүй үзээсэй гэж урьж байна. Гэртээ байдаг хүүхдүүд өнөөдөр гэрээсээ гарч, ногоон зүлгэн дээр тоглож, музей үзэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бэрхшээлийг нь үл хамааран бүх зүйлд тэгш хүртээмжтэй үйлчлүүлэх эрхтэй гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа. Бид үүнийг уриалга биш ажил болгон амьдрал дээр хэрэгжүүлж буйгаараа онцлогтой” гэв.


Өдөрлөгийн үеэр 5-14 насны хөгжлийн бэрхшээлтэй 150 гаруй хүүхэд гэр бүл, асран хамгаалагчийн хамтаар тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан соёл, урлаг, спортын тэмцээнд хамрагдав. Тухайлбал, дохионы хэлээр музей үзэж, урлагийн тоглолт сонирхохын зэрэгцээ ногоон орчинд “Цам”, “Авдартай муүей”, “Аами Таами хоёр музейгээр аялсан нь” зэрэг боловсролын хөтөлбөрт хамрагдаж, цамын баг, баримлын шавраар бүтээл урласан юм.

Түүнчлэн “Тусгай олоимпын хороо”-ны спортын мэргэжилтнүүдийн тусламж, заавраар “хонхот хөлбөмбөг”, “заалны хоккей”, “боче” спортыг музейн задгай талбайд тоглож өнгөрүүллээ.










Холбоотой мэдээ