Нүүрсний үнэ нэмэх шаардлага хүргүүлэв

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2022-05-18 12:42:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд болон Эрчим хүчний зохицуулах хороонд нүүрсний үнэ нэмэх шаардлага хүргүүлж байна.


Шаардлагыг хүлээн авч судалж үзээд, сарын дотор бодитой хариу өгөхгүй бол шат дараалсан арга хэмжээ авч, уурхайнууд ажил хаяна гэдгийг тус салбарын ҮЭХ-ноос мэдэгдлээ. Учир нь төрөөс эрчим хүчний хатуу бодлого баримтлан нүүрсний үнэ барьж, өөрийн өртгийн хэмжээнд хүргэхгүй байгаа нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, уурхайчдын цалинг нэмэх боломжгүй болгож байгааг “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Адуун чулуун” ХК-ийн ҮЭХ-ны төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэв.


Эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч уурхайн хувьд нүүрсийг өөрийн өртгөөс доогуур үнээр борлуулж байхад дизель түлшний үнэ 54, том тослох материалын үнэ 40, тэсрэх материал 121, туслах материал төмрийн бэлдэц 35 хувиар нэмэгдсэн нь уурхайг хэвийн ажиллах боломжгүйд хүргэжээ.


Тодруулбал, “Адуун чулуун” ХК одоогоор эрчим хүчний 1 тонн нүүрсийг 12600, “Шивээ-Овоо” ХК 32428, “Багануур” ХК 33500 төгрөгөөр борлуулдаг. Энэ нь тонн тутамд 2300-4500 төгрөгийн алдагдалтай байгаа аж. Иймд 1 тонн нүүрсийг хамгийн багадаа 7400 төгрөгөөр нэмэх санал гаргаад байна.  


“Багануур” ХК-ийн ҮЭХ-ны дарга О.Бат-Ирээдүй энэ үеэр ярихдаа, “Манай компани 1100 ажилтантай, төвийн бүсийн эрчим хүчний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Нэг тн нүүрсээ 33500 төгрөгөөр нийлүүлж байгаа нь 13 000 төгрөгийн алдагдалтай байгаа. Ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлж чадахгүйгээр барахгүй бэлтгэн нийлүүлэгч компаниудад 28 орчим тэрбум төгрөгийн өртэй болсон. Хөдөлмөрийн шинэ хуулийн дагуу шөнийн цаг, илүү цагийн нэмэгдлийг өгч чадахгүй байгаа”-г тэмдэглэлээ. 


Жилд 2 сая тн нүүрс олборлон, 90 хувийг нь нийслэлд нийлүүлдэг “Шивээ-Овоо” ХК 1 тн нүүрсийг 32800 төгрөгийн өртгөөр олборлон, 29060 төгрөгөөр борлуулж 3740 төгрөгийн алдагдалтай хүлээдэг байна. Энэ нь нэмэгдсээр өнгөрсөн онд 8.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2022 онд 8.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх судалгаа байгааг ҮЭХ-ны дарга О.Алтанхүү ярьсан юм. 

Холбоотой мэдээ