Барилгын краны сум хугарч, нурах эрсдэлтэй нөхцөл үүсжээ

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-05-17 23:42:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Өнөөдөр 20 цаг 30 минутын орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт баригдаж буй 14 давхрын барилгын краны сум хугарсны улмаас кран нурах аюултай нөхцөл байдал үүссэн байна.  Энэ үед ажил тарсан байсан учраас кран дотор хүнгүй байсан байна.


Тус аймгийн Шуурхай штабын дарга М.Хуягбаатараар ахлуулсан ажлын баг, Онцгой комиссын гишүүд газар дээр нь ажиллаж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Кран нурах эрсдэлтэй нөхцөл бүрдсэн учраас ойр орчмын хөдөлгөөнийг хязгаарлаж, 15-р байрны айл өрхийг түр хугацаанд нүүлгэн шилжүүлээд байна.


Тус өргөх цамхаг нь 45 метр өндөр, 20-30 орчим тонн жинтэй бөгөөд буулгах буюу  аюулгүй болгоход ижил хэмжээний кран шаардлагатай байгаа аж. Ийм кран орон нутагт байхгүй тул Эрдэнэт хотын компаниудад хандсан байна. Ослын нөхцөл  байдал одоогоор тодорхойгүй бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, ОБГ-ын аврах бүлэг, Цагдаагийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд тухайн газарт ажиллаж байна.


Холбоотой мэдээ