Н.Энхбаярыг өмгөөлөх саналаа дөрвөн нөхөрлөл, өмгөөлөгч ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-02 16:42:57

МАХН-ын дарга, иргэн Н.Энхбаярыг өмгөөлөхөөр нэр бүхий дөрвөн өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгч илэрхийлжээ. 

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ долдугаар сарын 26-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанчлан МАХН-ын дарга, иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн. Уг заалтад “...сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч... өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэсэн байдаг юм. 

АТГ-ын хүсэлтийн дагуу Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос гаргасан мэдээллийн хүрээнд иргэн Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхлоо нэр бүхий дөрвөн өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгч илэрхийлээд байгаа аж. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой болж байгаа юм. 

АТГ-ын мөрдөн байцаагчид өнгөрөгч сарын 25-ны өдөр Н.Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардуулсан. Н.Энхбаярыг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа тул зарлан дуудаж байгаагаа АТГ мэдэгдсэн. Уг шалтгаанаар өмнө нь тус газраас нийт таван удаа Н.Энхбаярт зарлан дуудах хуудас өгч байжээ. Зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудаст "Долдугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газарт бэлэн ирэх"-ийг мэдэгдсэн ч Н.Энхбаяр очоогүй аж. Тэрбээр өөрт нь өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн тайлбар хэлсэн тул АТГ-аас ийн Монголын Хуульчдын холбоонд хандаад байсан юм.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ