Олимпын үеэр ажиллах хамгаалалтын компанитай байгуулсан гэрээг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-08-02 14:08:42

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /sports.yahoo/. “Рио-2016” Олимпын наадам эхлэхэд долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Бразилын Хууль зүйн яам хувийн хамгаалалтын компанитай байгуулсан гэрээгээ цуцалжээ. Уг компани нь олимпын наадмын үеэр хүмүүсийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй байжээ.

Рио-Де-Жанейро хотын “Artel” компани чадваргүй, хариуцлагагүй байсан учир тэдэнтэй байгуулсан гэрээг цуцаллаа гэж Хууль зүйн яам мэдэгдэв.

“Artel” компани нь олимпын үеэр хүмүүсийн аюулгүй байдлыг ханган ажиллах нийт хамгаалалтын 3400 хүн ажилд авах ёстой байсан боловч наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байхад 500 хүн л ажилд авсан байна. Энэ шалтгааны улмаас Хууль зүйн яам тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалжээ.

Компанийн ажилтнууд Олимпын наадам болох газар тус бүрийн гадаа зочид, үзэгчид, иргэдийг хянаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байжээ. Харин гэрээг цуцалснаар энэ дээр дурдсан үүрэг даалгавар болон рентген машин, биеийн хайлтын төхөөрөмжийг ажиллуулах ажлыг хотын цагдаа нар хариуцах болсон байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ