Хятадын төмөр замын тээврийн хэмжээ өнгөрсөн сард 10.1 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-03 09:14:02

БЭЭЖИН. /The Paper/. БНХАУ-ын Үндэсний төмөр замын групп компани өнгөрсөн 4 дүгээр сард 330 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30.18 сая тонноор илүү буюу 10.1 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.


Мөн сарын тээвэрлэлтийн хэмжээ, өдөрт ачиж буй вагоны тоо зэрэг нь түүхэн дээд хэмжээнд хүрч, хүчтэй өсөлтийн хандлагыг харуулжээ.


Тус компанийн Ачаа тээврийн хэлтсийн дарга хэлэхдээ, “тус компани нь цар тахлаас сэргийлэх бараа материал, нүүрс, газрын тос, үр тариа, бордоо зэрэг ард түмний амьдралтай шууд холбоотой чухал бараа материалуудыг тээвэрлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангахыг зорьсон” гэв.


Мөн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, цар тахалтай холбоотойгоор буураад буй зорчигч тээврийг бараа тээврээр орлуулах стратегийг хэрэгжүүлсэн байна.


Тээвэрлэлтийн хувьд халдварт өвчнөөс сэргийлэх бараа материал, хөдөө аж ахуй, цахилгаан эрчим хүчний бараа бүтээгдэхүүн зэрэг гол материалуудыг тээвэрлэх ногоон сувгийг нээж, үйл ажиллагаанд тавих хяналтыг чангаруулжээ.


Дөрөвдүгээр сард тус улсын төмөр замаар өдөрт дунджаар 182.6 мянган вагон зорчсон нь өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн үзүүлэлт буюу түүхэн амжилт болсон байна.              

 

Холбоотой мэдээ