Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянхонгор аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-10 14:11:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.04.10/ Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тэрээр Эрүүл мэндийг дэмжих төвийн засварын явц, Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, Төрөх тасгийн үйл ажиллагаа, вакцинжуулалтын үйл явц, эрчимжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа. Мөн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилт, салбарынхны нийгмийн байдал, бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилт зэрэг асуудлаар эрүүл мэндийн салбарынхантай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсов.

2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой холбогдуулан иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг ойроос хүргэх үүднээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг мөн үеэр хүлээлгэн өглөө. Мөн Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт байгуулж буй “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн засварыг чанартай шуурхайлахыг холбогдох газрынханд үүрэг болгов. 

Эрүүл мэндийг дэмжих төв ашиглалтад орсноор Дурангийн аппарат, Шүдний эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, Зүрхний оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, Дүрс оношилгооны тоног төхөөрөмжүүд (Зөөврийн болон суурин ЭХО аппарат, суурин Рентген аппарат), Чих хамар хоолойн үзлэгийн багаж, тоног төхөөрөмж, үзлэгийн дуран зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан, нарийн мэргэжлийн цогц тусламж үйлчилгээг нэг дор иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ бий болох юм.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050"-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулах тухай тусгасан. Дээрх хөтөлбөрийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг энэ оны тавдугаар сарын нэгэн гэхэд улс даяар эхлүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ