Банкны хадгаламж, зээл Үнэт цаасны гүйлгээ, арилжаа

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-03-28 16:10:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арилжааны банкин дахь төгрөгийн хадгаламж 2022 оны 2 дугаар сард 14.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь 1 дүгээр сараас 479.5  тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм байна. Харин 2020 оны мөн үетэй харьцуулахад 67.9  их наяд төгрөгөөр өссөн гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээТөгрөгийн хадгаламжийн 89.8 хувь (12.8 их наяд төгрөг) нь иргэдийнх, 10.2 хувь (1.5 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж ажээТэгвэл арилжааны банкин дахь валютын хадгаламж 4.2 их наяд төгрөг болжээ. Энэ тоон үзүүлэлтийг  1 дүгээр сартай харьцуулбал   134.2  тэрбум төгрөгөөр өсжээ. Түүнийг 2020 оны мөн үетэй харьцуулбал 273.4 тэрбум төгрөгөөр буурсан дүн мэдээ гарчээ. Төгрөгийн хадгаламж өссөн байхад валтын хадгаламж эсрэгээрээ  буурсан байна. Банкны хадгаламжийн нөгөө талд зээлийн үйлчилгээ байдаг.

Зээлийн үлдэгдлийн тоон үзүүлэлтийг нэгтгэн гаргажээ. Тухайлбал, иргэн,  аж ахуйн нэгж, байгууллагад  олгосон нийт зээлийн үлдэгдэл 2022 оны 2 дугаар сарын эцэст 21.3 их наяд төгрөг гэж ҮСХ мэдээлсэн байх юм. Дээрх тоон үзүүлэлтийг 1 дүгээр  сартай харьцуулбал  278.7  тэрбум төгрөгт хүрсэн аж. Түүнийг  2020 оны мөн үетэй харьцуулахад  4.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Зээлийн  үлдэгдлийн 51.6 хувь нь иргэд, 46.4 хувь нь хувийн байгууллага, 1.2 хувь нь төрийн байгууллага, 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх гэжээЗээлийн хэвийн болон хугацаа хэтэрсэн гэж хоёр ангилдаг. Ангилал тус бүрээр нь гаргасан байна. Хэвийн зээлийн  үлдэгдэл 2022 оны 2 дугаар сарын эцэст 18.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 203.8 тэрбум төгрөг гэж гарчээ. Түүнийг  2020 оны мөн үетэй  харьцуулбал  4.3 их наяд төгрөгөөр өсжээ. Энэ төрлийн  зээлийн үлдэгдэл нийт зээлийн үлдэгдлийн 85.0 хувийг эзэлжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2022 оны 2 дугаар сарын эцэст 1.0 их наяд төгрөг болжээ. Түүнийг 1 дүгээр сартай харьцуулбал  6.3 тэрбум төгрөгөөр өссөн аж. Энэ өсөлтийг  2020 оны мөн үетэй харьцуулбал  307.1 тэрбум төгрөгөөр буурчээ. Ийм төрлийн  зээлийн  үлдэгдэл нийт зээлийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлжээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2022 оны 2 дугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөг гэж гарчээ. Түүнийг  1 дүгээр сартай харьцуулбал 68.6 (3.3%) тэрбум төгрөгөөр,  2020 оны мөн үетэй харьцуулбал 140.1  тэрбум төгрөгөөр тус бүр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 10.1 хувийг эзэлжээ. Монголын Ипотекийн корпорац (МИК) болон арилжааны банкнуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 1 дүгээр сарын эцэст 5.7 их наяд төгрөг болжээ. Түүнийг 1 дүгээр сартай, 2020 оны мөн үетэй харьцуулбал  45.8тэрбум төгрөгөөр, 767.2тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Энэ оны эхний 2 сард үнэт цаасны 81.5 их наяд төгрөгийн гүйлгээ хийсэн аж. Харин 76.0 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ. Түүнийг 2020 оны мөн үеийн гүйлгээтэй харьцуулбал 39.6 тэрбум төгрөгөөр өсжээ. Гүйлгээний мөнгөн дүн өссөн ч  арилжсан үнэт цаас 101.8 сая ширхгээр буурчээ. ТОП-20 дундаж индекс 2022 оны 2 дугаар сард 40504.2 нэгж болжээ. Энэ үзүүлэлтийг  1 дүгээр сартай харьцуулбал 1943.5 нэгжээр буурсан. Харин 2020 оны мөн үетэй харьцуулбал  14627.3 нэгжээр өссөн дүн гарсан байна. Харин үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн  үнэлгээ 2022 оны 2 дугаар сарын эцэст 5.5 их наяд төгрөг болсон байна. Түүнийг 2020 оны мөн үетэй харьцуулбал  2 их наяд төгрөгөөр өсжээ.

Ойлголт, тодорхойлолт

Төгрөг болон валютын хадгаламж: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төгрөг, валютын хадгаламжийн үлдэгдлийн нийлбэрээр тодорхойлно.

Yнэт цаас: Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсвэл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн бичиг (опцион), хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт цаасны зах зээлийн тухай” Монгол Улсын хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг ойлгоно.

Хувьцаа: Компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг ойлгоно.

Холбоотой мэдээ