Аймгийн аж үйлдвэрийн салбарт гол нэрийн 13 бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-21 17:28:12

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт энэ сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл оны үнээр 4 тэрбум 484.5 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 0.4 хувиар өсжээ.

Нийт үйлдвэрлэлээс аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл 3 тэрбум 998.2 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл 486.3 сая төгрөг болсон байна. Үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэл 48.4 хувийг, хүнсний үйлдвэрлэл 11.4 хувь, хувцас үйлдвэрлэл 4.6 хувийг эзэлж байна. Мөн модон эдлэл үйлдвэрлэл 0.9 хувь, арьс ширэн эдлэл үйлдвэрлэл 0.7 хувь, өлөн гэдэс үйлдвэрлэл 0.1 хувь, эсгий эдлэл үйлдвэрлэл 0.9 хувь, бусад үйлдвэрлэл 33.0 хувийг тус тус эзэлж байна. Тус аймгийн аж үйлдвэрийн салбарт 80 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас савхин гутал, хүүхдийн болон монгол гутал, монгол дээл /оёдол/, талх, нарийн боов, чихэр, жимсний чанамал, архи, дарс ундаа ,хийжүүлсэн ус, хиам зэрэг гол нэр төрлийн 13 бүтээгдэхүүн нь нийт үйлдвэрлэлийн 47.3 хувийг эзэлж байна. Харин тухайн жил мах үйлдвэрлэл нь нийт үйлдвэрлэлийн 52.7 хувийг эзэлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Сүүлийн 10 жилээр нийт үйлдвэрлэл нэмэгджээ

Завхан аймгийн уул уурхайн салбарт алт, мөнгөний олборлолт явагдаж байгаа боловч нийт үйлдвэрлэлд орохгүй байна.

Харин аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жил бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн жилүүдэд төр засгаас үйлдвэржилтийг дэмжсэн бодлого, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь боловсруулах үйлдвэрийн салбарт ахиц дэвшил авчирч байгаа. Өнөөдрийн байдлаар модон эдлэл гараар урласан сийлбэр, гэрийн тавилга, сүлжмэл эдлэл, ноосон цамц, өмд, малгай, ороолт даавуун, цаасан уут, тор, савхин түрүүвч, тэлээ гэх мэт бүтээгдэхүүнийг аймагтаа үйлдвэрлэж эхэлсэн. Энэ нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэхэд таатай нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ сүүлийн 10 жилээр нийт үйлдвэрлэлтийг авч үзэхэд өссөн дүнтэй байгаа боловч 2020 онд бууралттай харагдаж байгаа нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нөлөөлсөн гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Өнгөрсөн он, энэ оны гуравдугаар сарын нэгний өдрийн байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өссөн дүнтэй байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ