Монгол ноходтой холбоотой уран бүтээлийн “Андгай” үзэсгэлэнг маргааш дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-19 15:50:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол үндэсний уугуул үүлдрийн ноходтой холбоотой уран бүтээлчдийн үзэсгэлэн, археологийн олдвор болон угсаатны зүйн үзмэр бүхий “Андгай” үзэсгэлэнг энэ сарын 20-28-нд толилуулна.


Үндэсний уугуул нохойн нэг болох монгол банхрын цэвэр цусны удмын санг хамгаалан хөгжүүлэх, хөдөө орон нутагт малчны хотонд эргэн нутагшуулах, монголчуудын нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, өв уламжлалыг хүүхэд багачууд, олон нийтэд төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилготой юм.


Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монгол арт галерей, Монгол банхар судлалын холбоо \ТББ\ ажиллаж байна. Мөн дэмжигч байгууллагаар Монгол Улсын Соёлын яам, ШУА-Археологийн хүрээлэн, Стандарт хэмжилзүйн газрууд ажиллаж байна.


Дээрх үзэсгэлэнгээр:

  • Мэргэжлийн зураач уран бүтээлчдийн уран зураг, баримал, сийлбэр, арьсан урлалын бүтээлүүд,
  • Мэргэжлийн гэрэл зурагчид, Угсаатны зүйн танин мэдэхүйн эд зүйлс хэрэглэл,чихмэлийн үзэсгэлэн
  • “Монгол банхраа хэн сайн мэдэх вэ?” хүүхдүүдийн дунд зохион байгуулсан уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн тус тус зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 20-ны 11.00 цагт Дүнжингарав худалдааны төвийн замын урд байрладаг Монгол арт галерейд болно. 

Холбоотой мэдээ