Дорнод аймаг шилмүүст модны хоёр сая гаруй, навчит модны 500 мянга орчим тарьц суулгацны нөөцтэй

ТЭРБУМ МОД
167@montsame.mn
2022-03-18 12:54:40

Дорнод /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймаг зохион байгуулалтын ямар ажлууд хийж байгаа талаар БОАЖГ-ын ойн албаны дарга С.Мөнхсайханаас тодрууллаа.


-“Тэрбум” мод үндэсний хөтөлбөрийг Дорнод аймагт хэрэгжүүлэх явц ямар байна вэ?

-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймаг таван зорилт, 20 дэд зорилттой 66 ажил төлөвлөөд байна. Удаан хугацаанд даацтай хэрэгжих ажил учраас бэлтгэл хангах зүйлүүд нэлээд бий. Дорнод аймаг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд 20 сая мод тарихаар төлөвлөж байна.

-Зөвхөн мод тарих гэсэн ойлголтоор хэмжигдэхгүй байх. Тухайлбал, ямар зорилтын хүрээнд ажлууд өрнөх вэ?

-Тэгэлгүй яахав. Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын дор үр, тарьц суулгацаа бэлтгэх, хоёрдугаарт, цөлжилтийг сааруулах, агро ойн аж ахуй, хамгаалалтын ойн зурвас, элсний нүүдлийг тогтоох ойн зурвас байгуулах, гуравдугаарт, хотын ногоон байгууламж, сумын төв, суурин зэрэг дэд бүтэц хөгжсөн газруудад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, дөрөвдүгээрт, усны нөөцийг нэмэгдүүлэх, голын татмыг ойжуулах, усны эх үүсвэр хомсдолтой газарт худаг гаргах, услалтын системийг шийдэх замаар тарьсан модныхоо усалгааг дэмжих, хангах, тавдугаарт, мод тарьж ургуулсан ажлыг бүртгэлжүүлж хяналт тавих, энэ чиглэлийн ажлуудыг сурталчлах, архивлаж хадгалах, ААНБ, иргэдийг шагнаж урамшуулах зорилтын хүрээнд ажиллана.

-Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ “Ухсан бол ургуул” гэсэн зарчмыг баримтална гэдгээ аймгийн Засаг дарга тодотгосон шүү дээ?

-Дорнод аймгийн газрын доод болон дээд баялгийг ашиглаж байгаа уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа явуулдаг компаниудад дээрх шаардлагыг тавьж, олборлосон бүтээгдэхүүний хэмжээгээр мод тариулж, байгалийн нөхөн сэргээлт хийлгүүлэх зарчмыг барьж ажиллана.

-Тэгэхээр маш өргөн цар хүрээтэй, урт хугацаанд хэрэгжих энэ ажилд иргэдийн оролцоо хэр байх вэ?

өтөлбөр хэрэгжих 10 жилийн хугацаанд хот суурин газар, авто зам, төмөр зам дагуу газар тариалангийн бүсэд ойн зурвас байгуулах, хот суурин газар ногоон байгууламж байгуулах, тал хээрт агро ойн аж ахуйн бүтэцтэй хувийн хэвшлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Ер нь бол иргэдийн ажлын байр, амьжиргааг дээшлүүлэх, усны нөөц, ойн санг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зорилготой эхэлсэн санаачилга шүү дээ. Тэгэхээр энэ хөдөлгөөнд оролцохгүй нэг ч иргэн байхгүй гэж хэлж болно. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ахлуулсан Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хорооны дараагийн хурлаар цалин урамшуулал, яамдын хариуцсан төсөл арга хэмжээнүүдийг баталгаажуулах, хариуцах асуудлыг хэлэлцээд эцсийн шийдээ аймгуудад хүргүүлнэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр тодорхой хэмжээний урамшуулал, төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ.

-Манай аймгийн тарьц суулгацны нөөц хэдий хэрийн байгаа бол?

-Баян-Уул, Баяндун сум талдаа шилмүүст модны хоёр сая гаруй, навчит модны 500 мянга орчим тарьц суулгацны нөөцтэй.

-Энэ нөөц хэрэгцээгээ хангахад хүрэлцэх үү? Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ онд орон нутгаас хэчнээн төгрөгийн төсөв баталсан бэ?

-2022 онд орон нутгийн төсөв, байгаль орчин хамгаалах сан, ОНХС-гаас модны үр, тарьц суулгац бэлдэх, багаж тоног төхөөрөмж, машин трактороор мод үржүүлгийг хангахад нэг тэрбум гаруй төгрөгийг баталсан. Төсөл сонгон шалгаруулалт одоогоор явагдаж байна. Мод үржүүлгүүдэд байгаа нөөцний дийлэнхийг шилмүүст модны суулгац эзэлж байгаа. Навчит модны суулгац хүрэлцээгүй сумд худалдаж авах замаар хэрэгцээгээ хангахаар бэлтгэж байна.

-БОАЖ-ын сайдтай манай аймаг хэчнээн мянган мод тарихаар гэрээлсэн бэ?

-БОАЖ-ын сайдтай манай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний дагуу 700 мянган мод тарих ёстой. Уулын ойжуулалт ажил улсын төсвийн хөрөнгөөр 100 га-д, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 50 га-д, төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр 30 га-д хийнэ. Энэ өөрөө тусгайлсан норм нормативтай байдаг. Дээр дурдсан 700 мянган модны тал нь уулын ойжуулалтын хүрээнд хийнэ. Үлдсэн модыг газар тариалангийн ААН, уул уурхай, замын тоосжилтийг бууруулах, хот суурин газрыг ногооруулах, бусад зориулалтаар буюу ойн зурвас гэх мэт газруудад тарина гэсэн төлөвлөгөөтэй байна. 

Холбоотой мэдээ