Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-17 10:57:03

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөө өглөөнөөс энэ сарын 25-ныг хүртэл Дорнод аймгийн хэмжээнд цэцэрлэгүүдийг түр хаалаа. Өчигдрийн байдлаар цэцэрлэгүүдийн анги дүүргэлт 37 хувьтай байсан нь томуу, томуу төст өвчний тархалт их байгааг харуулж буй юм. Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн хэмжээнд олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа явуулахыг мөн хориглосон байна.

Томуугаар өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчид сургууль, цэцэрлэгийн эмч, ӨЭМТ, БОЭТ-өөс олгосон магадлагааг үндэслэж, тав хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын удирдлагуудад чиглэл болгосон байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2020 оны “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгаврын тодорхой заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй сум, багийн Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, байгууллагын удирдлагуудад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхаарууллаа.

Холбоотой мэдээ