ЕСБХБ: Монгол Улсад олгосон нийт санхүүжилтийн 83 хувь нь хувийн хэвшилд чиглэсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач өнөөдөр бараалхав.
ЕСБХБ-наас Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, банк санхүүгийн зэрэг салбарт нийт 116 төслийг хэрэгжүүлэхэд 2.2 тэрбум ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг олгосон байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа хувийн хэвшлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв.
Ноён Ханнес Такач ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичигт Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтран дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарт төсөл хэрэгжүүлэхээр тусгасан, мөн ЕСБХБ-аас Монгол Улсад олгосон нийт санхүүжилтийн 83 хувь нь хувийн хэвшилд чиглэсэн хэмээн танилцуулав. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Шинэ сэргэлт"-ийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлж, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх зорилт тавьсан нь ЕСБХБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх шинэ стратеги төлөвлөгөөтэй уялдаж байгааг тэрбээр онцоллоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ЕСБХБ-аас хэрэгжүүлэх шинэ стратеги нь Монгол Улсад уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол чиглэл болж байгаад талархал илэрхийллээ. Тэрбээр "Шинэ сэргэлт"-ийн бодлогын дагуу эдийн засгаа төрөлжүүлж, санхүүгийн дэмжлэгийн хүртээмжийг нэмэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ногоон шийдлийг багтаасан үр ашигтай, чанартай, тогтвортой дэд бүтцийн үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө ЕСБХБ-тай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс, ЕСБХБ-ны хамтын ажиллагааны тухай: Монгол Улс ЕСБХБ-нд бүрэн эрхт гишүүнээр элсэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын 2000 оны 7 дугаар сарын 26-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталж, тус банканд хүргүүлсэн. ЕСБХБ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын 2000 оны 10 дугаар сарын 9-ний Гэрчилгээг манай талд ирүүлснээр Монгол Улс тус банкны 61 дэх бүрэн эрхт гишүүн болсон юм. 2006 онд Монгол Улс тус банк дахь гишүүнчлэлийнхээ статусыг нэмж, зээлжих эрхтэй гишүүн болсноор Суурин төлөөлөгчийн газрыг байгуулсан байна.