Манай улсын 400 гаруй бүргэдчиний 80 хувь нь 30-70 насныхан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-13 13:50:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хаврын бүргэдийн баяр-2022" өдөрлөг Монгол-Кувейтын байгаль хамгаалах төвд өчигдөр болсон бөгөөд Баян-Өлгий аймаг болон Төв аймгаас нийт 11 бүргэдчин оролцов. 


Бүргэдээр ан хийх уламжлал төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү зан үйлийг Монгол Улсын Баян-Өлгий аймгийн казах түмэн хамгийн сайн хадгалж үлдсэн юм. Хамгийн анх Баян-Өлгий аймагт “Бүргэдийн баяр”-ыг 1999 оноос Бугат суманд тэмдэглэж эхэлсэн байна. 

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэжээ.

2010 оноос казах түмний энэхүү уламжлалт зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор "Бүргэдийн баяр"-ыг жилд хоёр удаа буюу намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хотод өргөн хүрээнд зохион байгуулах болсон юм.



Баярын нээлтэд УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Т.Аубакир, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ц.Анандбазар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан оролцсон юм. Түүнчлэн Герман, Турк, Кувейт, Франц, Орос, Польш, БНСУ, АНУ, Япон, Казакстан, Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, төлөөлөгчид хүрэлцэн ирэв. 


Нээлтийн үеэр, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Монгол Улсад жилийн дөрвөн улиралд зохион байгуулагдаж байгаа 100 гаруй эвентүүдийг эрэмбэлэн, гадаадын жуулчдыг татахуйц, байгаль орчинд ээлтэйг нь онцлон БОАЖЯ-наас дэмжин ажиллаж буйг тэмдэглэв. Ингэснээр жилийн дөрвөн улиралд жуулчин татах, аялал жуулчалын улирлын хамаарлыг багасгах нэгдсэн цогц бодлого боловсруулан үе шаттай хэрэгжүүлж буйг тодотгоод, тэдгээр баярын нэг нь “Хаврын бүргэдийн баяр” гэдгийг онцлов.



Тэрбээр, "Энэхүү хаврын Бүргэдийн баярын хөтөлбөрт жуулчдыг татахуйц олон сонирхолтой үйл ажиллагаа байдаг. Үүний зэрэгцээ баярыг угтаж иргэдэд танин мэдэхүй, байгаль орчин, экологи, аялал жуулчлалын боловсролыг олгох “Аялал жуучлал ба бүргэдийн баяр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ жилээс зохион байгуулдаг болсныг онцлон тэмдэглүүштэй. Учир нь эрдэм шинжилгээний бага хурлаар шувуу судлаач эрдэмтдийн судалгаа, мэдээллийг сонсож, цармын бүргэдийг хамгаалах асуудлыг хэлэлцдэг юм. Энэ ташрамд, шувуу судлаач эрдэмтдийн багтай хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлье" хэмээсэн юм. 




Манай бүргэдчид гол төлөв 1-7 бүргэд, зарим нь 50 хүртэл бүргэд тэжээдэг гэсэн мэдээлэл байна. Улсын хэмжээнд, өнөөдрийн байдлаар 400 гаруй бүргэдчин байдгаас 80 хувь нь 30-70 насныхан байгаа юм. Сүүлийн жилүүдэд эмэгтэй бүргэдчдийн тоо ч нэмэгдэж байгааг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга онцолж байв.

 АНУ-ын уран бүтээлчид Холливудад 13 настай, бүргэдчин охин Н.Айшолпаны тухай баримтат киног 2016 онд хийж байсан нь бүргэдээр ан хийх нүүдэлчдийн уламжлалыг дэлхий дахинд таниулсан билээ.



Тиймээс ч жил бүр бүргэдийн баярыг гадаадын жуулчид зорин ирэх нь нэмэгдэж бүргэд ба бүргэдчин хоёрын харилцаа буюу эзнээ дуулгавартай сонсох, бүргэдийн сүрлэг дэвэлт, ан барьж буй байдлыг үзэж сонирхох болсныг онцоллоо. Тодруулбал, 2019 онд “Хаврын бүргэдийн баяр”-т 200 гаруй, Бугат сумын “Бүргэдийн баяр”-т 1000 гаруй гадаадын жуулчин ирж байсан бол 2020 онд цар тахлын хүнд үе байсан ч Баян-Өлгий аймагт 25 мянган дотоодын жуулчин ирсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 4.2 дахин өсжээ.


Нээлтийн дараа Бүргэдийн ан хийх уламжлалт тэмцээн эхэлсэн юм. Энэхүү тэмцээнээр бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан, түүнтэй харьцах байдлыг нь дүгнэхийн зэрэгцээ хугацааг нь нарийн тооцож байв. Энэхүү тэмцээнд бүргэдчин охин хэмээн алдаршсан Н.Айшолпаны аав Р.Нургайв оролцсон бөгөөд түүнээс сэтгэгдлийг нь хуваалцав.



Тэрбээр, "Бид бол олон үеэрээ бүргэдийн ан хийх уламжлалт соёлыг тээж буй хүмүүс. Миний хувьд, 40 гаруй жилийн хугацаанд нийт найман бүргэд тэжээсэн байна. Нэг бүргэдийг 5-6 жил тэжээгээд, үржих цаг нь болохоор байгальд нь тавьдаг юм. Одоо миний тэмцээнд авч орж буй бүргэд нэг настай ангаахай байгаа юм. Үүгээр би энэ өвөл хоёр тулам авласан.

Миний охин Н.Айшолпан бүргэдийн уламжлалыг харуулсан баримтат киногоор Монгол Улсынхаа нэрийг дуурисгасанд бахархдаг. Одоо миний охин Казахстан улсын Алматы хотод англи хэл сурч байгаа. 

Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд бүргэдийн баярт ч оролцож чадаагүй. Хамгийн анх 2010 онд хаврын бүргэдийн баярыг зохион байгуулахад миний охин надтай хамт оролцож, түрүүлж байсан удаатай. Одоо Н.Айшолпаны дүү нар бүргэдийн ан хийх уламжлалыг залгуулан сурч байна" хэмээсэн юм. 




Бүргэдчидийн сонирхол татахуйц өмсгөл, эдлэл хэрэглэл бүр онцлогтой, өөр өөрийн үүрэгтэй байдаг байна. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас тэмцээнд оролцож буй С.Тилеубердигээс тодруулав. 


-Бүргэдчин хүний морины тоноглолоос эхлээд маш олон эдлэл, хэрэглэл нь сонирхол татаж байна. Та эдгээрээс танилцуулахгүй юу?

-Бүргэдчин хүнд хамгийн чухал нь морь. Учир нь Баян-Өлгий аймагт өндөр уулархаг газраар явдаг. Энэ утгаараа эмээл бас чухал. Хойно, урдаа эмээл нь заавал бэхэлгээтэй байх ёстой. Дээш өгсөх, доош уруудахад энэ нь бэхэлгээ болж өгдөг. Монгол эмээлийг бодвол голдуу төмрөөр хийх бөгөөд намхан хийцтэй. Өндөр уулархаг газраар явдаг тул эмээл өндөр байж болохгүй. Үүнээс гадна бүргэдчин хүнд морины бусад тоноглолууд маш чухал. Балдак гэж нэрлэдэг бүргэдийн тулгуурийг зүүсэн байна. Бүргэд маш хүнд шувуу учраас гаран дээрээ суулгаад балдакаар морин дээрээсээ тулж өгдөг. Түүнээс гадна бүргэдийн сарвуунаас гараа хамгаалж зузаан арьсаар хийсэн бээлийг өмсөх хэрэгтэй. Мөн морины эмээлээс зүүсэн богц шиг зүйлийг нь Хоржин гэж нэрлэдэг. Энд бүргэдийн хоол, махыг хийж авч явдаг. 


-Бүргэдийн нүдийг нь малгай шиг зүйлээр хаасан байна. Энэ нь ямар учиртай вэ?

-Тодорхой ан буюу үнэг, чоно харсан үедээ Томага буюу малгайг нь авдаг. Үүгээр бүргэдийн нүдийг нь хааж өгдөг. Тэгэхгүй бол бүргэд харсан болгон руугаа үсчээд байдаг. Ямар нэгэн ан харагдсан тохиолдолд л нүднийх нь хаалтыг авдаг. 


-Бүргэдчин хүний өмссөн хувцас бас сонирхол татаж байна...?

-Ашдахтмах буюу өөрийн агнасан үнэгний арьсаар хийсэн малгай байна. Үнэгний урд талын сарвууных нь арьсаар малгайны урд талд бэлгэдэл болгож оруулдаг. Бүргэдчин хүн дээлээ үнэг, туулайн арьсаар хийдэг. Өвлийн маш хүйтэнд ан хийдэг тул маш дулаан явах хэрэгтэй. Казах түмэн дээлийн бүсээ алт, мөнгөөр тоноглодог. 

Морины ташуурны хойд талд бөөрөнхий хэсэг байдаг. Бүргэдийн сарвууг үнэг барьчихдаг. Энэ үед нь ташуурны хойд талаар нь бүргэдээ салгаж авдаг зориулалттай.


-Бүргэд үнэгнээс гадна чоно барьдаг гэж та хэлсэн. Үнэхээр чоно барьдаг гэж үү?

-Үнэг барихаар нисгэх үед чоно таарч барих тохиолдол цөөнгүй. Ихэвчлэн бүргэдээр үнэг барьдаг. 


-Бүргэдийг хэрхэн хүнд сургаж, тэжээдэг юм бэ?

-Бүргэдийг хоёр төрлөөр сургаж авдаг. Нэгдүгээрт, ангаахай байхад нь шувууны үүрнээс нь авдаг. Ингэхдээ нуруун дээрээ гэрийн хана уясан байх ёстой. Энэ нь шувуу шиг далавчтай амьтан болж дом хийж байгаа хэрэг. Ангаахай байхад нь авсан бүргэд маш сахилгагүй байдаг. Учир нь хонь мал, хүн рүү ч дайрах нь бий. Тиймээс том болоод, байгальд нисэж байсан бүргэдийг сургаж авах нь илүү амар. Яагаад гэвэл ан аваад сурчихсан, зөвхөн ан руугаа л чиглэдэг. Үнэгний арьс, мах чирч гүйж байхдаа нисгэж бариулах, барьсан нөхцөлд урамшуулж мах өгөх зэргээр сургадаг. 


Ташрамд дурдахад, энэ жилийн “Хаврын бүргэдийн баяр”-ыг УИХ-ын гишүүн Т.Аубакир, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон Монголын бүргэдчидийн холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулсан бөгөөд БОАЖЯ, Соёлын яам дэмжин ажиллав. 



”Хаврын бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас Ш.Жекен, Толбо сумаас Б.Өркен, Алтай сумаас Б.Далайхан, Улаанхус сумаас С.Башахан, Алтанцөгц сумаас Р.Нургайв, Толбо сумаас Б.Кенжебек, Дэлүүн сумаас С.Тилеуберди,  Өлгий сумаас Ж.Хайрым, Улаанхус сумаас Ы.Баглан,  Сагсай сумаас Р.Женисбек, Төв аймгийн Эрдэнэсант сумаас Э.Батбилэг нар ирсэн байна.

Холбоотой мэдээ