УИХ-ын дарга Г.Занданшатар АХБ-ны газрын захирал М.Тереса Хотой уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-10 21:42:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай М.Тереса Хо тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхав. 


УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай М.Тереса Хотай уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Азийн хөгжлийн банктай түншлэн ажиллаж ирсний 30 жилийн ой энэ онд тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.



Хатагтай М.Тереса Хо УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, "Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаа"-г илэрхийлэв. Тэрбээр, Азийн хөгжлийн банкнаас ойрын ирээдүйд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, санхүүжилтийн гэрээ хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн цар тахлын дараа улс орны эдийн засгийг сэргээх чиглэлд тэргүүлэх ач холбогдлыг өгч ажиллах нь зүйтэй гэдгийг онцоллоо.  



УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийх бөгөөд төр-хувийн хэвшлийн түншлэл, зөвшөөрлийн тухай хууль зэрэг хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаагаа явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх олон чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна гэлээ.


Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газраас цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн чиглэлээр баримталж буй тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа хилийн боомтын дэд бүтцийг сайжруулан хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн төвлөрлийг сааруулах, дотоодын нөөц бололцоог дайчлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, татварын шинэчлэл хийх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж, энэ чиглэлд үр дүнтэй санхүүжилт, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. 


Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Газрын даргын зөвлөх Сафдар Парвез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Азийн хөгжлийн банкны Монгол дахь орлогч суурин төлөөлөгч, ахлах эдийн засагч Деклан Магий болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ