Гэмт хэргийн улмаас нэг хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-07 15:21:47

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2022 оны эхний хоёр сард 55 гэмт хэрэг гарч, 45 хүн гэмт хэрэгт холбогджээ. Үүний дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 13, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 25, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 10, бусад 3 гэмт хэрэг гарсан байна. Гэмт хэргийн улмаас нэг хүн нас барж, 16 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 185.9 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Бүртгэгдсэн нийт хэргийн 9.0 хувийг бүлэглэж, 16.3 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 23 хүнийг албадан саатуулж, 26 хүнийг баривчилсан байна. 

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 33 (2.5 дахин) тохиолдлоор өссөний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 5 (85.7%) тохиолдлоор, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 10 (5 дахин) тохиолдлоор,  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 25 (4 дахин) тохиолдлоор тус тус өссөн байна. 

Холбоотой мэдээ