Авто замын доорх цэвдгийн гэсэлтийг зогсоох технологи нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-02 15:25:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бураатын даваан дээр хөрсний цэвдгээс шалтгаалан 700 орчим метр хатуу хучилттай авто зам эвдэрчээ.


Энэ замын зарим хэсэгт цэвдэг зуны улиралд гэссэнээс зам нь сууж эвдрэн зорчих хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх болсон байна. Тиймээс баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл, зөвлөх болон үндсэн гүйцэтгэгч компанийн хүсэлтээр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэмтэд судалгаа хийн авто замын гүйцэтгэгч компанитай хамтран цэвдэгтэй хэсгийг зуны улиралд гэсгээхгүйгээр хүйтэн байлгах технологи нэвтрүүлж байна.


ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Я.Жамбалжав, замын асфальт-бетон гадарга нь нарны энергийг өөртөө шингээж доош гүнрүүгээ дулаан дамжуулснаар цэвдгийг тодорхой хэмжээнд гэсгээдэг. Ингэснээр мөсжилтийн хэмжээнээс хамаарч авто замын гадаргад хотойлт суулт үүснэ. Бураатын даваа орчимд замын эвдрэлтэй хэсгийн шалтгааныг тогтоох, замын далангийн хэсгийг эвдрэлээс сэргийлэх арга, аргачлал, зөвлөмж боловсруулах судалгааны хүрээнд геофизикийн цахилгаан хайгуул, өрөмдлөг, хөрс чулуулгийн дээж, цооногийн температурын хэмжилтийг өнгөрсөн зун хийжээ. Үүний үр дүнд тулгуурлан цэвдгийн гэсэлтэд өртөж хотойлт суулт өгсөн хэсэгт термосифон хоолойг өнгөрсөн оны 10-12 дугаар сард суурилуулсаныг танилцуулав.



ЗТХ-ийн сайд Л.Халтар тус аймагт ажиллах үеэрээ гүйцэтгэгч компанид хандан улсын наадмын өмнө хөргөлтийн тоног төхөөрөмж суурилуулсан 700 гаруй метр газрын хучилтыг хийж дуусгахыг үүрэг болгов. “Монголд цэвдэгтэй газар олон бий. Тухайн үедээ далан муу хийсэн гэж үнэлээд шороогоор сольдог ч байдал дээрддэггүй. Иймд энэ технологийг салбарын шинжлэх ухааны зөвлөл дээр замын болон зам, засвар арчлалтын компаниудад танилцуулаарай хэмээснийг ЗТХЯ мэдээлээ.


Термосифон хоолой нь хөргөх төхөөрөмж юм. Агаарын температур хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний гүнд хормын төдийд хүргэдэг онцлогтой. Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвөл болдог  бүс нутагт ямар нэг нэмэлт эрчим хүч шаардахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой, сэргээгдэх эрчим хүч ашигладаг төхөөрөмж юм. Хэд хэдэн төрлийн термосифон хоолой байдаг бөгөөд Бураатын даваа орчимд налуу хэлбэрийн хоолойг суурилуулжээ. Ингэснээр тухайн замын доорх цэвдгийг гэсгээхгүй барих боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ