Мянганы сорилтын корпорациас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-02 06:55:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Европ, Ази-Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгчийн орлогч Жонатан Брүүкстэй уулзаж санал солилцлоо.


Талууд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлж буй “Хоёрдугаар компакт гэрээ”-ний хүрээнд хэрэгждэг “Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа төсөл” “Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа төсөл”, “Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа төсөл”-ийн талаар ярилцав.


Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар бүхий л шатанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн, БХБЯ, Монголын Мянганы сорилтын сан, гүйцэтгэгч компани хамтран ирэх долоо хоногт төслийн талбайд ажиллаж, энэ жилийн барилга угсралтын төлөвлөгөөг нарийвчлахаар тогтсоныг тус яам мэдээллээ.


Уулзалтад БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн шинжээч Б.Анх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечиски, МСК-ийн Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан удирдах захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Аманда Женнингс, МСК-ийн хөтөлбөрийн ахлах ажилтан Майкл Михн оролцлоо. 

Холбоотой мэдээ