БНХАУ-аас импортолж буй ачаа тээврийн үнийг дахин буулгахад анхаарахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-24 15:50:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас импортолж буй ачаа тээврийн нийлүүлэлтийг тасалдалгүй зохион байгуулахад анхаарч, үнийн тогтвортой байдлыг хангах, дахин бууруулахад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр үүрэг болгов. 


Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Боомтын ажлыг сайжруулах ажлын багийнхан өнөөдөр цахимаар хуралдах үеэр дээрх үүргийг өгсөн юм. Ингэхдээ, ялангуяа барилгын материалын үнийн өсөлтийг барих талд анхаарахыг холбогдох гишүүдэд үүрэг болгов.


Бүтээн байгуулах ажлын улирал эхэлж буйтай холбоотой барилгын материал багагүй хэмжээгээр орж ирж байгаа ч чингэлэг тээвэрт багтахгүй, овор хэмжээтэй барилгын материал, тоног төхөөрөмж, төмөр хийц бүтээц хилээр нэвтэрч чадахгүй байгааг Барилга хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг уламжилсан юм. Харин барилгын материалын чингэлэгт багтахгүй, овор ихтэй ачааг хуучнаараа буюу задгай вагоноор ачих саналыг БНХАУ-ын талд хүргүүлээд байгаа талаар Эрээн хотын Консулын газраас мэдээлсэн. 


Замын-Үүдийн хилээр өдөрт 60-70 чингэлэг тээвэр, 10-20 тээврийн хэрэгсэл орж ирж байгаа талаар ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэв.

Холбоотой мэдээ