С.Амарсайхан: Төр өмчөө хуулийн дагуу авахдаа төлбөр төлдөг асуудал байж таарахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-24 12:39:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, Медипас эмнэлгийг төрийн өмчид буцаан авахаар  шийдвэрлэсэн тухай Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв. 


50 айлын орон сууцтай, 24 автомашины зогсоол, эмнэлгийн бүрэн тоног төхөөрөмж, тавилга бүхий тус эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьж 2013 онд ашиглалтад оруулсан юм. Нийт 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан энэ эмнэлгийг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хууль бусаар хувьчилжээ. 


"Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хуралдаанд эл асуудлыг танилцуулж, Ерөнхий сайдаас үүрэг даалгавар авсан. Энэ хүрээнд тус эмнэлгийг эргээд төрийн мэдэлд буюу төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлд буцаан авч, Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгон ажиллуулах шийдвэр гарсан" хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдээллийн үеэр тэмдэглэв.


Тэрбээр, "Өчигдөр Засгийн газрын хуралдаанд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын бэлтгэл, тооцоо судалгааг танилцуулсан. Засгийн газрын тэргүүн яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн. Эмнэлгийн барилга, байгууламжийг ойрын хугацаанд хүлээн авна. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон бусад холбогдох байгууллага гүйцэтгэж байна" гэлээ. 


Тус эмнэлгийг хувьчилж аваад зогсохгүй, 2016-2020 онд Эрдэнэт үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийг үзлэг, хяналт хийх зардал нэрээр авсан бөгөөд, 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөр гэж Эрдэнэт үйлдвэр рүү буцаан шилжүүлсэн байсан аж. Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ ,"Төрийн өмчийг үнэгүй аваад зогсохгүй, их хэмжээний хөрөнгийг төлбөр нэрээр авдаг асуудал явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд хувьчилж авсан байгууллагад нь буцааж төрд өгөх шаардлага хүргүүлсэн ч 30 сая ам.долларын нөхөн төлбөр шаардсан. Төр өмчөө алдчихаад буцааж хуулийн дагуу авахдаа төлбөр төлнө гэдэг асуудал байж таарахгүй. Тиймээс бүх асуудлыг хуулийн дагуу шийдэж, энэ эмнэлэг төрийн өмчид ирэхээр болж байна" хэмээлээ. 


Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсныг энд дарж уншина уу.

Холбоотой мэдээ