Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-д болж буй Аюулгүй
байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хуралд оролцож буй Гадаад харилцааны сайд
Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин
Фархан Аль-Саудтай уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Алсын
хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон "Ковид-19" цар тахлын
дараа эдийн засгийг сэргээх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй
бодлого, үйл ажиллагааны
талаар танилцуулав. Тэрээр, цаашид
Саудын Араб улстай
худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа
илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь ногоон
хөгжлийг дэмжих чиглэлээр Саудын Араб улсаас мөн хэрэгжүүлж буй 10 тэрбум мод тарих
санаачилгатай агуулга, зорилгын хувьд төстэй болохыг талууд онцолж, энэ
чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тогтов.
Түүнчлэн Саудын Арабын тал манай “Алсын хараа-2050”, “Шинэ
сэргэлтийн бодлого”-д дурдагдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө
оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.