“Hey Jude” дууны тэмдэглэлийг NFT токен хэлбэрээр худалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-02-08 16:03:15

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын “Julien's Auctions” ордонд болсон дуудлага худалдаагаар “The Beatles” хамтлагийн “Hey Jude” (1968) дуунд Пол Маккартнигийн гараар бичсэн тэмдэглэлийг NFT токен хэлбэрээр 76 800 ам.доллароор худалджээ.


Уг тэмдэглэлийг хамтлагийн гоцлол дуучин Жон Ленноны хүү Жулиан Ленноны хувийн цуглуулгаас тавьсан тусгай дуудлага худалдааны үеэр зарсан байна. Тэмдэглэлд хөгжмийн хэсгүүдийн дараалал, найруулгын гүйцэтгэлийн нарийн ширийн зүйлийг тэмдэглэж, Маккартни баруун дээд буланд цаасан дээр хэд хэдэн жижиг зураг зуржээ.


Дуудлага худалдааны ордны мэдээлснээр, “The Beatles” хамтлагийн уг сонгодог дуу анх “Hey Jules” нэртэй байсан бөгөөд Пол Маккартни эцэг эх нь салах үеэр Жулианыг тайвшруулахын тулд бичсэн байна.


Үүнээс гадна, Жон Ленноны хоёр өөр кинонд тоглохдоо өмсөж байсан афган пальто, хар цув, аав нь Жулианд өөрийн биеэр бэлэглэсэн гурван цахилгаан гитарыг дуудлага худалдаагаар худалджээ. Эдгээр эд зүйлс 11 500-гаас 22 400 ам.доллароор зарагдсан байна. NFT-токенуудыг тухайн эд зүйлийн талаар бичсэн Жулианы хувийн тайлбар дагалдана.


NFT буюу Non-fungible token гэдэг нь блокчейн технологид суурилсан дижитал гэрчилгээ бөгөөд виртуал хөрөнгийг эзэмших эрхийг баталгаажуулдаг. NFT нь дахин давтагдашгүй, цор ганц учир хуурамчаар үйлдэх эсвэл өөрөөр солих боломжгүй. NFT технологи 2017 онд бүтээгдсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 5 сая гаруй токен зарагдсан байна. 

Холбоотой мэдээ