Д.Бальдир: Монголд тахь нутагшуулахад зориулсан хөдөлмөрийг минь төр үнэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-28 13:55:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Монголын байгаль орчныг хамгаалах холбооны зөвлөх, тахь судлаач Д.Бальдирт байгаль орчны гавьяат цол өнөөдөр хүртээв.


Тэрбээр Хустайн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны анхны даргаар томилогдож, Нидерландын байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр, байгалиас устсан монгол тахийг гадаадын амьтны хүрээлэнгээс авчирч нутагшуулах ажлыг гүйцэтгэжээ. Хамгийн анх 1992 онд 15 тахийг авчирч байсан бол өдгөө монгол тахийн тоо толгой нь өсөж Монгол Улсад 800 гаруй бодгаль бүртгэгдээд байна. 


Ахмад тахь судлаач Д.Бальдир шагнал гардсаныхаа дараа сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр, "Миний бие боловсрол, хөдөө аж ахуй, Монголын байгаль орчныг хамгаалах салбар, тэр дундаа Хустайн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа зэрэгт нийт 60 гаруй жил хөдөлмөрлөж байна. Дэлхийд ховордсон тахь хэмээх зэрлэг адууг монгол эх нутагт нь нутагшуулах ажлыг хариуцаж, Нидерландын тахь хамгаалах сангийн санхүүжилтээр 15 тахийг анх Хустайн нуруунд нутагшуулж байлаа. Тахийг эх нутагт нь нутагшуулах ажилд 15 жилийг зориулсан байна. Үүний үр дүнд монгол тахь өдгөө 800 гаруй тоо толгой болжээ. Нутагшуулах ажлыг анх миний гардсан Хустайн нуруунд л гэхэд 400 орчим болж өссөн байна. Монголын байгаль орчныг хамгаалах холбоо миний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж шагналд тодорхойлсонд туйлын баяртай байна. Тус холбоо болон Хустайн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны үе үеийн удирдлага, хамт олон, эрдэм шинжилгээний ажилтан, гадаадын судлаач нартаа талархаж байна. Тахь нутагшуулах ажилд миний хүүхэд, хань идэвх гарган оролцож байсанд хязгааргүй талархаж явдаг. Би адуучин хүний хүүхэд. Миний анх нутагшуулсан тахийн тоо толгой мянга давтлаа өсөх болно" хэмээв. 


Ташрамд дурдахад, Монголд гурван газарт тахийг сэргээн нутагшуулж байгаагаас 390 гаруй нь Хустайн нуруунд байна. Харин Говь-Алтай аймгийн Бугат суманд 290 орчим, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 90 гаруй тахь нутагшиж байгаа аж. Хустайн байгалийн цогцолбор газарт 46 үржлийн сүрэг, 100 гаруй үрээтэй, 400 орчим тахь байдаг бөгөөд дэлхийн хамгийн олон бодгалийг сэргээн нутагшуулсан газар юм.


Хустайн нуруунд тахь хэрхэн өсөж байгаа, тахийн талаарх дэлгэрэнгүй баримт, мэдээлэл бүхий "ХУСТАЙН НУРУУНЫ ТАХИЙН МӨРӨӨР..." сурвалжилгыг энд дарж уншина уу.

Холбоотой мэдээ