Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-26 16:18:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, байгаль орчны атташе Лорен Ховис болон бусад албаны хүмүүс Дорноговь аймагт зочлов.

Албаны төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр хүлээн авч уулзан, аймаг орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч харилцан ярилцсан байна.

Дорноговь аймгаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлэх гол чиглэл болох ойн санг нэмэгдүүлэх ажилд АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлагийн “Ой хамгаалах алба”-тай хамтран ажиллах, Улаан уул станцын үйл ажиллагааг өргөжүүлэх, тэжээлийн ургамал тариалах, хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлж дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээний жишиг төв байгуулах, Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан орчмын бүс нутгийн ургамал, амьтны судалгааны ажилд хамтран ажиллах талаар санал тавьжээ.

Дээрх саналуудыг АНУ-ын Элчин сайдын яамнаас судалж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Албаныхан  тус аймагт ажиллах үеэр сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Өргөн сумын нутагт хоёр байршил газарт төмөр замын торыг хэсэгчлэн авч, зэрлэг амьтдын нүүдлийн замыг чөлөөлөн, шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн  “Зэрлэг амьтдын нүүдлийн замд тулгарч буй сөрөг нөлөөллийг бууруулах” төслийн үйл ажиллагаатай танилцаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ