“Шинэ сэргэлтийн бодлого”-д Хөгжлийн банкны үүрэг өндөр байх нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-19 14:22:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас дэвшүүлээд буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д Монгол Улсын Хөгжлийн банкны үүрэг их байгааг Сангийн яамнаас онцоллоо. Учир нь уул уурхай, ХАА, мэдээллийн технологи тэргүүтэй хөгжлийн голлох салбарт төвлөрөн хэрэгжих санхүүгийн ихэнх төслийг экспорт-импортын баримжаатай байдлаар шийднэ.

Өөрөөр хэлбэл, экспортыг дэмжих санхүүгийн үйлчилгээг Хөгжлийн банк хариуцан гацаа үүсэх хэсэгт хүрч ажиллах юм. Хөгжлийн банк улс орны хөгжлийн тэргүүлэх төслүүдийн ТЭЗҮ-ийг батлахаас эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулах хүртэл нь төсөл хэрэгжүүлэгч нартай хамтран ажиллана гэдгийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцуулах үеэр мэдээлж байв.

Төслийн санхүүжилтийг жинхэнэ загвараар явуулж тухай тухайн төсөлд хувийн хэвшлийнхнийг дайчилж, нөгөө талаар янз бүрийн баталгаа, батлан даалтын хэлбэрээр оролцох нь илүү үр дүнтэй юм гэдгийг Хөгжлийн банкны удирдлага онцолж байна.




Манай улс ирэх 10 жилд эрчим хүчний эх үүсвэрийг 2.5 дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ талаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д, манай улс Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг тусгажээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт усан цахилгаан станц барих ажлыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг дуусгах, Эгийн голын станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Ингэснээр эрчим хүчний эх үүсвэрийг 2.5 дахин нэмэгдүүлэх боломжтой болох юм. 




Танилцуулгад дурдсанаар, коронавируст халдварын нөхцөл байдлаас дэлхийд үзүүлсэн нэг нөлөө нь олон улсад ачаа барааны тээвэрлэх хугацаа 8-10 дахин удааширчээ. Дэлхийн эдийн засаг 3.6 хувиар буурч, 33 сая хүн ажилгүй болсон байна. Манай улсад "Ковид-19"-ийн цар тахлаас өмнө дэвшүүлсэн дунд хугацааны зорилтод хүрэхэд эдийн засгийг дэмжих бодлого зайлшгүй шаардлагатай болж ирээд байгаа бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого” нь цар тахлын дараах эдийн засгийг сэргээж, 2025 оны хөгжлийн зорилтыг хангахад чиглэж буйг дээрх танилцуулгаар онцлов.

Тодруулбал, Засгийн газраас дэвшүүлээд буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, эдийн засгийн суурийг тэлэх, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж. Үүнд боомтын, эрчим хүчний салбарын, аж үйлдвэрийн, хот, хөдөөгийн сэргэлт, мөн ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн сэргэлт багтаж байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр:

  • дундаж давхаргыг хүн амын 80 хувьд хүргэнэ.
  • 2025 онд нэг хүнд ногдох ДНБ ойролцоогоор 6020 ам.доллар болон өснө,
  • экспортын хэмжээ 14 тэрбум ам.долларт хүрнэ.
  • Энэ хэрээр эдийн засаг тэлж, 300 мянган ажлын байр шинээр бий болно хэмээн төлөвлөж байна.

Боомтын сэргэлтэд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр болон автозамаар холбох, агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хуурай боомтыг хөгжүүлэх зэрэг зорилт бүхий үйл ажиллагааг тусгажээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын танилцуулгад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа, Сангийн яам, ХЗДХЯ, ҮСХ, Монгол Улсын Хөгжлийн банк, бусад газрын удирдлагууд оролцсон юм. 



 

Холбоотой мэдээ