"Хорьтын систем”-д оруулснаар хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах үндэс бий болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-17 17:19:54

Ховд /МОНЦАМЭ/. Зусланд гардаг айл өрхүүдийг "хорьтын систем”-д оруулах замаар хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах үндэс суурийг хамтдаа бий болгох боломж байна. 

Тодруулбал, Ховд аймаг дахь Буянт голд зусаж буй айл өрхүүд зуслангийн хураамж болох 20 мянган төгрөгийг жил бүр төлөх ёстой. Судалгаанаас үзэхэд 2019, 2020 онд зусланд гарсан нийт өрхийн 20 гаруй хувь нь хураамжаа төлжээ.

Харин өнгөрсөн 2021 оны зун Буянт голд зуссан айл өрхүүдийг "хорьтын систем”-д оруулахаар мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласан. Үүний үр дүнд 14 хорьт байгуулж, ахлагч сонгогдсоноор өөрийн хүрээний 20 өрх буюу 280 айлаас нийт 5.6 сая төгрөг цуглуулж чадсан байна. Цаашид хорьт”-ын зохион байгуулалтад орсноор Буянт голд зусдаг 1000 орчим айл өрхөөс зуслангийн хураамжийг бүрэн цуглуулах боломж энд харагдаж байна гэж албаныхан дүгнэжээ. Уг хураамж нь тухайн орчны цэвэрлэгээ, үйлчилгээ, биe засах газар, хог ачих зэрэг ажилд зарцуулагддаг байна.

Мөн онцлоход, Буянт голд зусдаг айл өрхийг "хорьт"-ын зохион байгуулалтад оруулснаар 14 хорьт буюу 280 өрхөөс 25 кг лааз, 370 кг хуванцар савыг цуглуулж, пресслэх цехэд хүргэж, байгаль орчноо тодорхой хэмжээний бохирдлоос сэргийлж чаджээ.

"Ийнхүү зусланд гардаг айл өрхүүдийг "хорьтын систем”-д оруулах замаар хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах үндэс суурийг хамтдаа бий болгох, хэсэг бүлгээр нэгдэн орчны бохирдлоос сэргийлж, эмх цэгцтэй байх дадлыг багачуудад хэвшүүлэх боломж байна. Ирэх зун энэхүү санаачилгыг илүү олон айл өрх, иргэд дэмжиж, хамтран ажиллаасай" гэж зарим иргэд хэллээ.   

Ташрамд, Ховд аймгийн хуванцар, лааз шахаж прeсслэх төхөөрөмжийг “Өв, аз жаргалын булаг” ХХК эзэмшиж буй. Тус байгууллага 2021 онд 2.5 тонн хуванцар, лааз прeсслэж, “Мог пластик” ХХК-д гэрээний дагуу нийлүүлсэн гэх мэдээлэл байна. Мөн хуванцар боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна гэж Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2021 оны тайлан сэтгүүлд дурджээ.  

Холбоотой мэдээ