“Орчин цагийн боловсрол Монголд-100 жил” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-01-13 16:43:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Арт галерейд “Орчин цагийн боловсрол Монголд-100 жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүхт их ойгоо угтан 100 жилийнхээ түүх, замналыг хураангуйлан дүгнэж, анхны бага сургуулиас эхэлсэн 100 жилийн замналыг гэрэл зургийн хальснаа буулгаж, хойч үедээ мөнхлөн үлдээсэн үзэсгэлэнг хоймор нутагт дэлгэж байна.


Энэхүү үзэсгэлэнд нийт 300 гаруй бүтээл тавигдаж байгаа бөгөөд Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээж болон түүхэн эрхмүүд, соёлын нэрт зүтгэлтнүүдийн хувийн архив түүнчлэн боловсролын салбарын үе үеийн багш, ажилтнуудын гэр бүлийн цомгоос олж цуглуулсан ховор сонин гэрэл зургуудыг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой болж байна.  


Тухайлбал, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатханы ховор зураг, түүний охин, ардын жүжигчин Э.Оюуны 1935 оны Багш нарыг бэлтгэх сургуулийн аттестат, МУИС-ийн ректор, академич Н.Содномын 1934 оны Сайшаалын үнэмлэх, 1924 онд ЗХУ-ын Ленинград хотод Дорно дахины дээд сургуульд суралцаж байсан анхны 18 оюутан, 1926-1930 онд “Алс газар сурахаар одож”, Герман, Франц улсад суралцсан манай анхны сэхээтнүүд,  Эрхүү хотод 1934 онд “Монголрабфак”-т суралцсан оюутнуудын зургийг дэлгэн үзүүлжээ.


Мөн 1934 онд ЗХУ-д суралцаж байсан анхны аспирант болох Мэргэн гүн М.Гомбожав, Цэндийн Дамдинсүрэн, Ш.Цэвэг, Д.Сурмаажав нарын түүхэн гэрэл зургийг энэхүү үзэсгэлэнгээс тольдон харах боломжтой юм байна.




Холбоотой мэдээ