Буган хандгайн үзмэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-01-13 16:39:25

Дорнод /МОНЦАМЭ/. Энэхүү буган хандгайн үзмэрийг 1964 онд Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр Дорнод аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсийн Цэргийн тоо бүртгэгч, Техник спортын дасгалжуулагч Д.Цэвээндорж тэргүүтэй, тухайн үеийн музейн эрхлэгч Ш.Гонгор, газарчнаар Халх голын дайнд оролцож явсан И.Цэдэн-Иш генерал, анчнаар худаг усны конторын дарга М.Дашням, геологийн дарга Далхжав, гэрэл зурагчнаар Эрдэнэтогтох, 3-р баазын жолооч Сосор, тогооч Цэрэн, Матад сумын жолооч Чулуунбаатар нар томилогдон явж байжээ. Ингээд 1964 оны 11сарын 17-нд Буган хандгай буюу Хар мөрний хандгайг “Ульган” голоос агнан нэн сонирхолтой, ховор нандин үзмэрийг бий болгосон нь одоо Дорнод аймгийн Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байна.

Хар мөрний хандгайг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Монгол Улсын “Улаан ном”-нд 1987, 1997 онд оруулжээ. Шивэр хандгайнаас биеийн хэмжээгээр арай бага. Биеийн урт 276 см, сэрвээний өндөр, 195 см, жин 400 кг хүрнэ. Ерөнхий зүс жигд бараан, мөчид арай цайвар. Эвэр жижиг, хөнгөн, бугынхтай төстэй салаа эвэртэй байдаг. Иймээс нутгийн иргэд Буган хандгай гэж нэрлэх нь бий Хятадын зүүн хойд нутаг Их хянганы нуруу, ОХУ-ын Амар, Уссурийн хязгаар, Тэнгис хавиар, Монголын Дорнод аймгийн Халх гол, түүний цутгал Дэгээ, Нөмрөг голын савд тархсан байдаг.

 

Холбоотой мэдээ