Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-13 10:02:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн Олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэгийг Баянхонгор аймагт ажиллах үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал хүлээн авч уулзав. 

Дэлхийн зөн Олон улсын байгууллага нь Баянхонгор  аймагт 2006 оноос хойш 16 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргааны чадавхыг нэмэгдүүлэх болон боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал талархал илэрхийллээ.  

2022 онд Дэлхийн зөн ОУБ-ын "Баянхонгор аймагт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн гэрээ дуусгавар болох хэдий ч цаашид орон нутгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах, хүүхэд, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн оновчтой үр дүнтэй ажлуудад хамтран ажиллах боломжтой"-г Дэлхийн зөн ОУБ-ын үндэсний захирал Б. Болорцэцэг уулзалтын үеэр онцолж байв.

Тус олон улсын байгууллага нь Баянхонгор аймгийн говийн бүсийн Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Баянцагаан, Бууцагаан, Бөмбөгөр сум болон аймгийн төвд Эдийн засаг-Хөдөө аж ахуй, Хүүхэд хамгаалал болон Хүүхдийн оролцоо, Боловсрол, Эрүүл мэнд, Өрхийн амьжиргаа, өрхийн болон орон нутгийн даван туулах чадварыг дэмжих гэсэн үндсэн төслүүдээр дамжуулан 23 мянга гаруй хүн амд хүрч ажиллаж байна.

Холбоотой мэдээ